АЛТАНБУЛАГ СУМ ДАХЬ ЗӨВЛӨЛТИЙН ДАЙЧДЫН ХӨШӨӨНД ЦЭЦЭГ ӨРГӨЖ ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ

Энэ л өдрүүдэд Аугаа их эх орны дайны Ялалтын 73 жилийн ой тохиож байна. Энэхүү түүхт ялалтын ойг тохиолдуулан Алтанбулаг суманд байрлах Зөвлөлтийн дайчдын хөшөөнд цэцэг өргөж хүндэтгэл үзүүлэх уламжлалт үйл ажиллагаа энэ сарын 05-ны өдөр ёслол төгөлдөр боллоо. Хүндэтгэлийн арга хэмжээнд Сэлэнгэ аймгийн Засаг дарга Ш.Оргил, ОХУ-аас Дархан-Уул аймагт суугаа Ерөнхий консул Д.А.Цыденишиевич болон Алтанбулаг сум, Хиагтын районы удирдлагууд, Орос, Монголын чөлөөлөх дайны ахмад дайчид, төр захиргааны ахмад ажилтнууд, нутгийн ард иргэд оролцлоо. 
Түүхэнд тодоор тэмдэглэгдэн үлдсэн энэхүү дайны ялалтыг авчрахад эхний өдрөөс эцсийн мөч хүртэл Монголчууд Оросын ард түмэнтэй сэтгэл нэг байж "Хувьсгалт монгол” танкын цуваа, "Монгол ард” нисэх онгоцны эскадриль болон монгол морьд, сэтгэл санаа шингэсэн эд материалыг фронтод илгээж үнэтэй хувь нэмэр оруулж байсан билээ. 

Зочид, төлөөлөгчдөд зориулан Алтанбулаг сумын сургуулийн сурагчид, “Сэлэнгийн долгио” чуулгын уран бүтээлчид ая дууны мэндчилгээ дэвшүүлэв.
Залуу хойч үе, хүүхэд багачууд маань 73 жилийн тэртээ алтан амиа өргөн байж энх цагийг бидэнд авчирсан тэрхүү баатарлаг дайчдынхаа гэгээн дурсгалыг үүрд хүндэтгэж, мөнхжүүлж явах учиртай.