ХИАГТ ХОТОД ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ БАГА ХУРАЛ БОЛЛОО

Энэ сарын 10-11-ний өдрүүдэд ОХУ-ын Буриад Улсын Хиагтын районд Хиагт хот үүсэн байгуулагдсаны 290, Хиагтын район байгуулагдсаны 95 жилийн ойн арга хэмжээ, “ЭВ МОДНЫ НААДАМ” баяр боллоо. Манай аймгийн алтан хөрш Хиагтын районд 3 баяр давхацсан нь энэ. 06-р сарын 10-ны өдөр эрдэм шинжилгээний бага хурал болж, “Хиагтын районы эдийн засаг нийгмийн хөгжил”, “Хятад Оросын хамтын ажиллагаа”, “Түүх- Олон улсын хамтын ажиллагаа- Худалдаа”, “Түүх соёлын болон уран зохиолын өв”, “Орон нутаг судлал” гэсэн 4 салбар хуралдаанаар явагдав. Эрдэм шинжилгээний бага хуралд аймгийн Засаг даргын орлогч Ж.Сайнцог оролцлоо.

“Түүх- Олон улсын хамтын ажиллагаа- Худалдаа” сэдэвт салбар хуралдаанд Алтанбулаг чөлөөт бүсийн захирагчийн алба, БОАЖГ-ын аялал жуулчлалын асуудал хариуцсан мэргэжилтэн А.Содхүү, “Орон нутаг судлал” салбар хуралдаанд аймгийн Нэгдсэн музейн дарга Л.Бямбаа нар оролцож илтгэл мэдээлэл тавилаа. Монгол Улс, Сэлэнгэ аймгийн түүхийн замнал дахь ОХУ-тай харилцаж байсан хамтын ажиллагаа, өнөөгийн байдал, цаашид хамтран ажиллах боломжийг манай илтгэгчид мэдээлэлдээ онцлон багтаасан байв.