СЭЛЭНГЭ АЙМАГ БУРИАД УЛСЫН СЭЛЭНГИЙН РАЙОНТОЙ БИЕИЙН ТАМИР СПОРТЫН ЧИГЛЭЛЭЭР ХАМТРАН АЖИЛЛАНА

Монгол Улсын Сэлэнгэ аймаг, ОХУ-ын Буриад Улсын хил дагуух аймгуудтай өнө эртний найрамдалт хамтын ажиллагаатай.
Хоёр талын хамтын ажиллагааг бэхжүүлж, салбар бүрт хамтран ажиллах боломж нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор “Эв модны наадам” уламжлалт арга хэмжээг 2 жил тутамд Монгол, Оросын талд ээлжлэн зохион байгуулж хэвшээд байна.


Манай аймаг хойд хөршийн зэргэлдээ районуудтай боловсрол, соёл урлаг, хөдөө аж ахуйн салбарт амжилттай хамтран ажиллаж байгаа юм. Энэхүү уламжлалт хамтын ажиллагааг өргөжүүлэн, салбар чиглэлийг нэмэгдүүлж, харилцан туршлага судлах зорилгоор ОХУ-ын Буриад Улсын Сэлэнгийн районы баг бүрэлдэхүүн манай аймагт албан ёсны айлчлал хийлээ.


Айлчлалын хүрээнд Сэлэнгэ аймгийн Засаг дарга Ш.Оргил, ОХУ-ын Буриад Улсын Сэлэнгийн районы дарга Гармаев Станислав Дашиевич нар хоёр аймгийн хамтран ажиллах арга хэмжээний төлөвлөгөөг баталлаа.


Сэлэнгийн районы зүгээс биеийн тамир спортын чиглэлээр хамтран ажиллаж, харилцан туршлага судлах, Монгол үндэстний өв соёл болох морин хуурын сургалтыг орон нутагтаа авах хүсэлттэй байгаагаа илэрхийллээ.