ДЭЛХИЙН ЗӨН ОУБ-ЫН СЭЛЭНГЭ ӨРГӨТГӨСӨН ХӨТӨЛБӨРӨӨС ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЛЭЭ

Шинэ төрлийн коронавирусын эрсдлээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг Сэлэнгэ аймгийн ЗДТГ, Дэлхийн Зөн Олон улсын байгууллага хамтран амжилттай хэрэгжүүлж байна.
Дэлхийн зөн байгууллага #COVID-19 цар тахалд хариу үйлдэл үзүүлэхэд онцгой ажлыг хийж байгаа. Коронавирусын тархалтыг хязгаарлаж, эмзэг нөхцөл байдалд орсон хүүхэд, гэр бүлүүдэд үзүүлэх сөрөг нөлөөг бууруулахын тулд Дэлхийн зөн ОУБ дэлхий даяар дараах дөрвөн чиглэлээр ажиллаж байна:


- Урьдчилан сэргийлэх арга хэмжээг өргөжүүлэх
- COVID-19-ийн нөлөөлөлд өртсөн хүүхдүүдэд дэмжлэг үзүүлэх
- Эмзэг нөхцөлд байгаа хүүхдүүдийг хамгаалах
- Эрүүл мэндийн системийг бэхжүүлэх.


Өнөөдөр Дэлхийн зөн ОУБ-ын Сэлэнгэ аймгийн хөтөлбөрийн хамт олон аймгийн Онцгой комисст эрүүл мэндийн нэн шаардлагатай 11.8 сая төгрөгийн өртөг бүхий тоног төхөөрөмжүүдийг хүлээлгэн өглөө.


Өнгөрсөн 2 сарын хугацаанд Сэлэнгэ Хөтөлбөрийн хувьд Сэлэнгэ аймгийн хэмжээнд 950 өрхөд хүнсний тусламж, 210 өрхөд малын тэжээлийн багц, 5000 гаруй хүүхэд багачуудад халдвараас хамгаалах гарын саван, гар ариутгагч, боловсролын болон төрийн байгууллагуудад 150 хайрцаг ариутгалын бодис болон хор шүршигч, өрхийн эрүүл мэндийн төв болон төрийн үйлчилгээ үзүүлэх 19 газарт зайнаас халуун хэмжигч , сургуулийн дотуур байруудад зөөлөн эдлэлийг хүлээлгэн өгөх зэрэг хүмүүнлэгийн яаралтай тусламжийн үйл ажиллагааг шат дараатай авч хэрэгжүүлсэн.


Энэ 4 сард багтаан 522 өрхөд хүмүүнлэгийн дэмжлэг үзүүлэх болон шаардлагатай өрхүүдэд сайн санааны дэмжлэгийн хувцас тараах зэрэг ажил зохион байгуулагдахаар төлөвлөж байгааг Дэлхийн зөн ОУБ-ын Сэлэнгэ Өргөтгөсөн Хөтөлбөрийн менежер В.Цэнджав хэллээ.