Шинэ консул аймгийн Засаг даргатай уулзлаа

 

Энэ сарын 13-ны өдөр ОХУ-ын Дархан-уул аймаг дахь Ерөнхий консул Доржиев Александр Цыденешиевич тэргүүтэй төлөөлөгчид манай аймагт хүрэлцэн ирж аймгийн Засаг дарга С.Бүрэнбаттай уулзлаа.
 
Ерөнхий консул Доржиев Александр Цыденешиевич:-“Сэлэнгэ аймаг бол Монгодоо аж үйлдвэрийн төв, газар тариалангийн бүс нутаг гэдгээрээ тодорхойлогддог. Юуны өмнө Сэлэнгэ аймгийн Засаг даргатай биечлэн танилцахаар ирсэн. Цаашдаа Орос, Монголын хамтын ажиллагаа улам өргөжин тэлж, тэр дундаа эдийн засгийг хөгжүүлэхэд Засаг даргатай хамтран ажиллаж, хувь нэмрээ оруулна гэдэгтээ итгэлтэй байна.
 
Миний бие 2-р сарын 27-нд Гадаад хэргийн яамны дэд сайд Ганхуягтай уулзахдаа хил орчмын бүс нутгийн асуудлаар санал солилцсон. Энэ асуудлыг 4-р сарын эхээр Москва хотноо болох Орос, Монголын Засгийн газар хоорондын дэд комиссын хурлаар хөндөх байх гэж найдаж байна” хэмээн хэллээ.
 
Доржиев Александр Цыденешиевич Буриадын гадаад харилцааны дэд сайд, Украйн улсын консул, Улаанбаатар хотод байгаа ОХУ-ын элчин сайдын яаманд ахлах зөвлөх, ОХУ-ын гадаад хэргийн яаманд ахлах зөвлөх, ерөнхий зөвлөхөөр ажиллаж байгаад 2 дугаар сарын эхээр Монгол улсын Дархан-Уул аймаг дахь ОХУ-н Ерөнхий консулаар томилогдон иржээ.