ОХУ-ын Сэлэнгэ районд ажлын айлчлал хийлээ

 

Сэлэнгэ аймгийн үе үеийн Засаг дарга нар хөрш зэргэлдээх ОХУ-ын районуудтай хамтын ажиллагаатай ажиллаж ирсэн билээ. Аялал жуулчлал, соёл урлаг, боловсрол, нийгэм эдийн засаг гээд олон талын харилцааг бэхжүүлж ирсэн хамтын ажиллагаагаа өргөжүүлэхээр Сэлэнгэ аймгийн Засаг дарга С.Бүрэнбат тэргүүтэй төлөөлөгчид ОХУ-ын Буриад улсын Сэлэнгэ районд ажлын айлчлал хийлээ. Ажлын айлчлалын хүрээнд зөвхөн Сэлэнгэ район төдийгүй хамтын ажиллагаатай ажилладаг Зэдийн районы дарга Цыренов В.Р , Хиагтын районы дарга Буянтуев А.В , Кабанскийн районы дарга Савватеев С.В нарын удирдлагуудтай уулзаж ярилцлаа.
 
 
Энэ удаагийн айлчлалын зорилго нь Сэлэнгэ аймгийн төлөөлөгчдийн саналыг ОХУ-ын Буриад улсын Сэлэнгэ болон бусад районуудын удирдлагууд сонсож, цаашид хэрхэн хамтарч ажиллах талаар хэлэлцсэн явдал юм. Сэлэнгэ аймгийн хувьд ОХУ-ын Буриад улсад байрлах Байгаль нуур болон Итгэлт хамбын хийд зэрэг газар нутгийг холбосон аялал жуулчлалыг хөгжүүлэх, сурагч хоорондын солилцооны хөтөлбөрийг хэрэгжүүлэх, ахмадуудыг хоёр талын сувилалд амраах, сургууль цэцэрлэгийн багш нарыг туршлага судлуулах тал дээр хамтарч ажиллах саналаа дэвшүүлж харилцан санал бодлоо солилцсон.