Хөх хотын төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

 

БНХАУ-ын Хөх хотын гадаад хэрэг эрхлэх газрын дарга Дин Чүнь, Хот байгуулалтын газрын дарга Лю Үйпин, Ногоон байгууламжийн газрын орлогч дарга Жөү Хэпин нарын албаны хүмүүсийг аймгийн Засаг даргын орлогч Н.Батдорж энэ сарын 16-ны өдөр хүлээн авч уулзлаа.
 
Хөх хотын гадаад хэрэг эрхлэх газрын дарга Дин Чүнь жил гаруйн өмнөх Сэлэнгэ аймгийн Засаг дарга С.Бүрэнбатаар ахлуулсан албан айлчлал Хөх хот, Сэлэнгэ аймгийн найрсаг хамтын ажиллагаанд өндөр хувь нэмэр оруулсныг онцоллоо. Тус айлчлалын хүрээнд манай аймгийн бизнес эрхлэгчдийн төлөөлөл Хөх хотод болдог олон улсын яармаг худалдаанд амжилттай оролцож бараа бтээгдэхүүнээ борлуулаад ирсэн юм. Тэрхүү айлчлал болон яармаг худалдаан дахь бараа бүтээгдэхүүн Хөх хотын удирдлагууд төдийгүй ард иргэдэд Сэлэнгэ аймгийг таниулсан, очиж үзэх хүсэл эрмэлзлэлийг төрүүлсэн байна. Яармаг худалдааны хамгийн их эрэлттэй бүтээгдэхүүн Сэлэнгийн зөгийн бал байжээ. Тиймээс жил бүр зохион байгуулагддаг яармаг худалдаанд аймгийнхаа брэнд бүтээгдэхүүнийг тогтмол оролцуулж байхыг хүслээ. Хөх хотын ард иргэд цэвэр байгаль экологийн бараа бүтээгдэхүүнийг маш ихээр хүсэж байгаа юм байна. Төлөөлөгчид Сэлэнгэ аймгийн талхны жинхэнэ сайхан байдлыг мэдэрснээ хэлж, ийм талх Хөх хотод байхгүй гэсэн юм.
 
Сэлэнгэ аймгийн зүгээс боловсрол, соёл урлаг, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ, эмчилгээ оношлогоо, ард иргэдээ үйлчлүүлэх асуудал дээр хамтын ажиллагаагаа өргөжүүлж ажиллахыг хүслээ.
 
Энэхүү албан уулзалтын хүрээнд дээрх салбарууд болон Сэлэнгэ аймгийн брэнд бараа бүтээгдэхүүний борлуулалтад хоёр орны засаг захиргаа хамтын ажиллагаагаа өргөжүүлж, иргэдийнхээ гүүр болж ажиллахаар боллоо.