Монгол, Оросын иргэд харилцан визгүй зорчиж эхэллээ

 

Өнгөрөгч 9-р сард ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин манай улсад түүхэн айлчлал хийсэн. Энэ айлчлалын үеэр хоёр улсын гадаад харилцааны сайд нар харилцан визгүй зорчих гэрээ хэлэлцээрт гарын үсэг зурснаар тус гэрээ 2014 оны 11-р сарын 14-ний өдрөөс эхлэн хэрэгжиж байгаа нь нэгэн түүхэн үйл явдал болж байна.
 
Монгол, Орос улсын иргэд харилцан визгүй зорчих болсон үйл ажиллагааны албан ёсны нээлт энэ сарын 16-ны өдөр Алтанбулаг боомт дээр боллоо. Нээлтийн ажиллагаанд УИХ-ын гишүүн, Гадаад харилцааны сайдын үүрэг гүйцэтгэгч Л.Болд, УИХ-ын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга н.Ганбат, Д.Арвин, Сэлэнгэ аймгийн ИТХ-ын дарга Ж.Санжжав, ИХШХЕГ-ын дарга Б.Пүрэвдорж, Буриад улсын Засгийн газрын Улаанбаатар хотод суугаа байнгын төлөөлөгчийн газрын зөвлөх Г.А.Баяртуевич, Хиагтын хурлын дарга Б.А.Николаевич нарын хүмүүс оролцлоо.
 
УИХ-ын гишүүн, Гадаад харилцааны сайдын үүрэг гүйцэтгэгч Л.Болд:- “Өнөөдөр бид Монгол, Орос хоёр улсын хооронд бичигдэх нэгэн сайхан хуудсыг нээж байгаадаа баяртай байна. Монгол-Оросын ард иргэдийн мөнхийн найрамдлыг бэхжүүлэх энэ үйл явдал бол өөрөө үеийн үед үр дүнгээ өгөх чухал үйл явдал гэдгийг тэмдэглэх хэрэгтэй. Сүүлийн 20-оод жилд бид хоёр талдаа эрчимтэй ажиллаж, харилцан визгүй чөлөөтэй зорчих боломжийг бүрдүүлэхийн төлөө чармайн ажилласан. Монгол Улсын Засгийн газар цаашдаа ч хөрш орнуудтайгаа харилцаа хамтын ажиллагаагаа тэлж, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлж, иргэдийн, нийгэмийн, хүмүүнлэгийн харилцааг улам бүр өргөжүүлж ажиллах болно. Энэ бүх ажлыг дэмжиж, зохион байгуулж, ачааллыг нуруун дээрээ үүрч байгаа хил, гааль, боомтынхон гээд нийт хүмүүстээ чин сэтгэлийн талархал илэрхийлж ажлын өндөр амжилт хүсье. Мөн аймаг орон нутаг, хил залгаа Хиагтын район, Буриад улсын удирдлагууддаа чин сэтгэлийн талархал илэрхийлье.” гэлээ.
 
Харилцан визгүй зорчиж эхэлсэн 11-р сарын 14-ний өдрөөс хойш ачаалал Монгол талд нэг дахин нэмэгдсэн байна. Өмнө нь өдөрт 1000-аад зорчигч, 300 гаруй машин гардаг байсан визгүй болсноос хойш 1800 зорчигч, 500-гаад машин гарчээ. Цаашдаа зорчигч болон ачааны урсгал нэмэгдэх хандлага ажиглагдаж байгаа юм байна. Тиймээс 24 цагийн турш хөдөлгөөн тасрахгүй ажиллаж байгаа Алтанбулаг боомт дээр ажиллах хүн хүч, ОХУ талтай ярилцаж шөнийн цагаар ачааны урсгалыг нэвтрүүлж байх зэрэг олон асуудлууд тулгарч байгааг хил, гааль, боомтын удирдлагууд хэлж байлаа. Визгүй болохоос өмнө Сэлэнгэ, Улан-Үүдийн иргэд голлож зорчдог байсан бол одоо бүх газраас зорчигчид ирж байгаа ажээ.