Сэлэнгэ ОНХХ-ийн Хойд бүсийн захирлыг хүлээн авч уулзлаа

 

“Дэлхийн Зөн Монгол” олон улсын байгууллага нь хөгжил, нөлөөлөл, гамшгийн яаралтай тусламжийн чиглэлээр орон нутагт суурилсан Хүүхэд, гэр бүлийн сайн сайхны төлөө үйл ажиллагааг 32 орон нутгийн хөгжлийн хөтөлбөрөөр дамжуулан явуулж байна. Сэлэнгэ орон нутгийн хөгжлийн хөтөлбөрийн Хойд бүсийн захирлаар 2010 оноос хойш ажиллаж байсан Николас Ахаджие Монгол улс дахь үйлчлэлээ дуусгаж, Судан улсын Дэлхийн Зөнд ажиллахаар болж байгаа. Монгол улс дахь төсөл хөтөлбөрүүдээ амжилттай хэрэгжүүлэн, үр дүнд хүргэж, дараагийн улсруугаа явж байгаа Николас Ахаджиег энэ сарын 21-ний өдөр аймгийн ЗДТГ-ын дарга Ө.Сувдаа хүлээн авч уулзлаа.
 
Энэ үеэр хойд бүсийн захирал Николас Ахаджиегийн орон нутгийн хөгжлийн хөтөлбөрийн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлж, чиглүүлэн удирдахдаа орон нутгийн онцлог, соёл, хүн ардын сэтгэлгээг мэдэрч, үр өгөөжтэй үйл ажиллагаануудыг зохион байгуулах, хэрэгцээт материаллаг тусламжийг үзүүлэхэд онцгой хувь нэмэр оруулсныг тодотгон тэмдэглэж, талархаж байгаагаа илэрхийлэн, аймгийн “Засаг даргын Жуух бичиг”-ээр шагнасныг гардуулан өглөө. Сэлэнгэ орон нутгийн хөгжлийн хөтөлбөрийн Хойд бүсийн захирлаар ажиллаж байсан Николас Ахаджиегийн хувьд Монгол улсад ажиллаж байх хугацаандаа үндэсний удирдагчийг бэлтгэх гол зорилготой байснаа хэлж, зорилгодоо хүрсэндээ баяртай байна гэсэн юм. Учир нь түүний ажлыг хүлээн авч байгаа дараагийн удирдагч бол Сэлэнгэ ОНХХ-ийн менежер В.Цэнджав. В.Цэнджавын удирдсан Сэлэнгэ ОНХХ “Дэлхийн Зөн Монгол” олон улсын байгууллагын 32 салбараас 2011, 2012 онд хоёр, гуравдугаар байрт шалгарчээ. Энэ нь тэдний орон нутагт тулгамдсан эрүүл мэнд, боловсрол, эдийн засгийн талбарт хийсэн үр дүнтэй салшгүй холбоотой. Үүний зэрэгцээ богино хугацааны тусгай төслүүдийн санхүүжилтийг босгоход голлох үүрэг гүйцэтгэж, зөгийн аж ахуйн “Нисдэг сүргийн гайхамшиг”, “Өрхийн амьжиргаа ба ой хамгаалал” зэрэг төслүүдийг хэрэгжүүлэн ажиллаж байна. Орон нутгийн хөгжлийн хөтөлбөр гэдэг нь “Дэлхийн Зөн Монгол” олон улсын байгууллагын үйл ажиллагааны гол цөм ажээ. Хөтөлбөр нь тухайн сонгогдсон орон нутагт 14-15 жилийн хугацаанд хүн амын боловсрол, эрүүл мэнд, хүүхэд хамгаалал, өрхийн эдийн засгийн чадавх, цэвэр усны хангамж, байгаль орчны хамгаалал, нутгийн удирдлагын тогтолцоог дэмжин сайжруулах замаар нийгмийн өмнө тулгамдсан асуудлыг шийдвэрлэх, орон нутгийн хөгжлийн тогтвортой байдлыг бие даан хангахад дэмжлэг үзүүлэхэд оршдог байна. 2005 онд хэрэгжиж эхэлсэн Сэлэнгэ ОНХХ Сүхбаатар, Шаамар, Зүүнбүрэн, Алтанбулаг, Хүдэр, Бугант сумдад эрүүл мэнд, боловсрол, хүний хөгжил, эдийн засаг, хүүхэд ивээн тэтгэх зэрэг чиглэлээр үйл ажиллагаагаа явуулж байгаа бөгөөд 2021 онд дуусна.