Сэлэнгэ аймаг, Буриад улсын удирдлагууд хил орчмын асуудлаар уулзалдлаа

 

Энэ сарын 27-ны өдөр ОХУ-ын Буриад улсын Ерөнхийлөгч В.В.Наговицын тэргүүтэй төлөөлөгчид Сэлэнгэ аймгийн Алтанбулаг дахь АЗШНБоомтод хүрэлцэн ирж Сэлэнгэ аймгийн Удирдлагуудтай хил болон хил орчмын асуудлаар харилцан санал солилцлоо. Уулзалтанд Сэлэнгэ аймгийн талаас аймгийн ИТХ-ын дарга Ж.Санжжав, Засаг дарга С.Бүрэнбат болон хил, гааль, хилийн цэрэг, хилийн мэргэжлийн хяналтын байгууллагын удирдлагууд оролцлоо.

Хил болон хил орчмын асуудлаар хөрш аймгийн удирдлагууд олон удаа уулзалдаж, үүсч байсан асуудлуудыг тухай бүрт нь түргэн шуурхай шийдвэрлэн ажиллаж ирсэн. Жишээлэхэд монгол түмний уламжлалт цагаан сарын өмнөхөн Монгол талаас ОХУ-руу гарах урсгал ихсэж, дараалал үүсэн хилийн ачаалал нэмэгдэн, иргэд хэд хоногоор хүлээн, хүндрэл гарч, бухимдал үүсэж байсан. Дээрх асуудлыг хоёр талын уулзалтуудаар шийдвэрлэж чадсан юм.

Энэ удаа ОХУ-ын Буриад улсын Ерөнхийлөгч В.В.Наговицын хил орчмын байдалтай танилцах, тулгамдаж буй шийдвэрлэх ямар асуудал байгаатай танилцахаар ирсэн байв. Уулзалтын үеэр Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний Сэлэнгэ аймаг дахь газрын дарга Р.Одмөнх, Сэлэнгэ дэх Гаалийн газрын дарга н.Баярмагнай, Хилийн 0101-р ангийн захирагч, хурандаа С.Энхсүх нар цагийн байдлын талаар мэдээлэл өглөө. Дараа нь Сэлэнгэ аймгийн Засаг дарга С.Бүрэнбат гурван асуудлаар санал тавьсан. Тэрээр:-”Нэгдүгээрт манай Сүхбаатар орчмын хүмүүсийн аж амьдрал ОХУ-тай холбоотой байдаг. Эдгээр иргэд маань хилээр олон удаа гардаг. Энэ хүмүүст хил гааль, хилийн цэргийн ажилтнууд таатай, таагүй харьцдаг зан харилцааны асуудал гарч байна. Тухайлбал цагаан хуудсаар гардаг хүмүүст янз бүрийн байдлаар хүндрэл учруулдаг тухай олон удаа мэдээлэл ирсэн. Хоёрдугаарт даатгалын асуудал их хүндрэлтэй байгаа. Хойшоо гарч байгаа машинууд даатгал төлдөг. Тэр даатгал нь 2-3 хоногийн хугацаанд гараад ирэхэд 60-70 мянган төгрөг болж байна. Энэ бол тухайн хүмүүст их зардал. Үүнийг хил дээр байгаа хүмүүс бус хилийн цаана байгаа замын цагдаа, хяналтын байгууллагуудынхан ихээхэн шаарддаг. Энэ асуудлыг анхааралдаа авнахыг хүсч байна. Гуравдугаарт дан ганц манай Сэлэнгэ ч биш. Үүгээр явж байгаа олон иргэдийн тухайд хэлний асуудал гарч байна. Хилээр гарч байгаа хүмүүс мэдүүлэг бөглөдөг. Деклераци гэж ярьдаг. Хил дээр шаардаж байгаа бичиг баримтыг бөглөхийн тулд орос хэл мэдэхгүйгээсээ болж хүндрэл учирч байна. Иймээс энэ мэдүүлгийн хуудсыг монгол хэл дээр гаргаж, хувь хүний харилцаа руу нэлээд анхаарна уу гэдэг асуудлаар Буриад улсын Ерөнхийлөгчтэй харилцан ярилцаж, тохиролцлоо.

Бид хүмүүсийг шүүмжиж байгаа юм биш. Манай талд ч анхаарах асуудал олон байна. Түүнийгээ бид дотооддоо зохион байгуулна. Өнөөдөр бид гааль, хилийн цэрэг бусад холбогдох байгууллагуудад чиг үүрэг өгсөн. Ойр ойрхон уулзаад байх юм бол хил орчмын асуудлаар иргэдээ хүндрүүлэхгүй байх боломж байна. Энэ асуудлаар бид ажиллана” хэмээн ярилаа.
 
ОХУ-ын Буриад улсын Ерөнхийлөгч В.В.Наговицын монгол талаас тавьсан асуудлуудыг хэрхэн, ямар хугацаанд шийдвэрлэх вэ? гэсэн сэтгүүлчийн асуултанд “Хугацааны тухайд янз бүрийн хугацаа шаарддагдана. Жишээ нь визгүй зорчих асуудлыг шийдвэрлэхэд 7 жилийн хугацаа орсон. Зарим асуудлуудыг тодорхой хугацаанд шийдвэрлэх шаардлага бий. Жишээлбэл мэдүүлэг бөглөх хуудасны тухайд монгол хэл дээр болгох асуудлыг ойрын хугацаанд шийдвэрлэж болно” гэлээ. Мөн хоёр улсын тухайд чөлөөт бүсийн асуудал анхаарал татаж байгаа. Энэ тал дээр ямар бодлого чиглэлтэй байгаа вэ? гэсэн асуултанд “Чөлөөт бүсийн тухайд дөнгөж байгуулагдаж байгаа залуухан байгууллага. Хүмүүс энэ талбай дээр тодорхой хэмжээний газрыг түрээслэн авч байгаа. Үүнд дээр бид байнгын анхаарал тавьж байна. Олон асуудал бий. Тухайлбал бизнесийн чиглэлийн, худалдааны чиглэлийн гэх мэт. Энд маш их анхаарал тавьж байгаа. Алтанбулаг худалдааны чөлөөт бүсийн тухайд хоёр орны хамтын ажиллагааны хүчин чармайлт маш их хэрэгтэй. Жишээ нь бусад орнуудад худалдааны чөлөөт бүсүүд маш их амжилттай ажиллаж байгаа. Иймээс наймаа хийж байгаа бизнесменүүдийн нөхцөлийг бүрдүүлэхэд тал талаасаа анхаарах ёстой. Цаашид үр ашгаа өгөх хэмжээнд байгаасай гэж бодож байна. Энд онцолж хэлэхэд Орос, Монголын Засгийн газрын хамтарсан цогц бодлого маш их хэрэгтэй. Үүнийг бүрдүүлж өгсөн цагт чөлөөт бүс хурдан хөгжинө байхаа. Үүнийг бид анхааралдаа байлгаж байгаа” гэлээ.
Ийнхүү уулзалт амжилттай болж өндөрлөлөө. Цаашид хил орчмын асуудлаар ойр ойрхон уулзан ярилцаж, орон нутгийн хэмжээнд шийдвэрлэж болох тулгамдсан асуудлыг цаг тухайд нь шийдвэрлэж байна гэдгээ ОХУ-ын Буриад улсын Ерөнхийлөгч В.В.Наговицын болон Сэлэнгэ аймгийн Засаг дарга С.Бүрэнбат нар илэрхийлсэн.