Турк Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд манай аймагт айлчилж байна

 

Бүгд найрамдах Турк Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Мурат Карагез, TUMOSIAD-ийн салбарын хөрөнгө оруулагчдын хамт Сэлэнгэ манай аймагт энэ сарын 06-07-ны өдрүүдэд айлчилж байна.
 
Элчин сайдыг БНТУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны Худалдааны зөвлөх Огуз Куюумжу, Элчин сайдын яамны зөвлөх Мустафа Фахри Угур, Турз улсын Засгийн газрын төлөөлөл ТИКА-гийн Хөтөлбөр зохицуулагч Экрэм Калан, ТИКА-гийн дэд хөтөлбөр зохицуулагч Туран Жан, ТҮМОСИАД-ийн дэд Ерөнхийлөгч Нусрет Каяа болон хэвлэл мэдээллийнхэн дагалдан явж байна. Монгол, Турк Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ой өнгөрсөн онд тохиосон. Элчин сайд Мурат Карагезийг аймгийн Засаг даргын орлогч Н.Батдорж угтан авсан. Дараа нь элчин сайд аймгийн Засаг дарга С.Бүрэнбаттай уулзаж санал бодлоо солилцлоо.
 
Аймгийн Засаг дарга Сэлэнгэ аймгийн тухай дэлгэрэнгүй танилцуулж, ямар салбарт хамтран ажиллах саналаа илэрхийллээ. Сэлэнгэ аймгийн эдийн засгийн хөгжил, боловсролын салбарт хувь нэмрээ оруулан хамтран ажиллахад бэлэн байгаагаа элчин сайд илэрхийлсэн. Аймгийн Засаг даргатай уулзсаны дараа хэвлэл мэдээллийнхэнд мэдээлэл өгч, “Алтан тариа” гурилын үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцан, Сэлэнгэ, Шаамар сумдын МСҮТ-ийн оюутан, Ерөнхий боловсролын сургуулийн сурагч, агентлагийн удирдлагууд, бизнесийн төлөөлөлтэй уулзлаа. Уулзалтын үеэр олон улсын удаа дараагийн шагналтай “Истанбулын нууц” баримтат киног үзүүлж сонирхууллаа. Хоёр улсын хамтын ажиллагааны тулгуур нь боловсролын салбар гэдгийг элчин сайд тодотгож байв. Бүгд найрамдах Турк Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Мурат Карагез дагалдан яваа төлөлөөгчдийн хамт маргааш Алтанбулаг хилийн боомт дахь Худалдааны чөлөөт бүсийн үйл ажиллагаатай танилцаж, Туркд үйлдвэрлэсэн брэнд бүтээгдэхүүний дэлгүүрийн нээлтийн үйл ажиллагаанд оролцоод ОХУ-ын Хиагт хотод айлчилна.