“Made in Turkey” брэнд бүтээгдэхүүний дэлгүүр нээгдэв

 

БНТУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Мурат Карагөз, аймгийн Засаг дарга С.Бүрэнбатын хамт энэ сарын 7-ны өдөр Алтанбулаг хилийн боомт дахь Худалдааны чөлөөт бүсийн үйл ажиллагаатай танилцаж, Турк улсад үйлдвэрлэсэн брэнд бүтээгдэхүүний дэлгүүрийн нээлтэнд оролцлоо.
 
Зочид төлөөлөгчдийг Алтанбулаг Худалдааны чөлөөт бүсийн захирал н.Чимэдцэрэн хүлээн авч уулзан, үйл ажиллагааныхаа талаар танилцуулж, хамтран ажиллах талаар саналаа хэлж, харилцан ярилцлаа. Элчин сайд Мурат Карагез чөлөөт бүсийн үйл ажиллагаанд бүхий л талаар туслаж дэмжин, хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлсэн. Энэ үеэр “Туркэд 19 чөлөөт бүс үйл ажиллагаагаа явуулдаг бөгөөд хамгийн том, хамгийн идэвхитэй нь Эгэ дэхь худалдааны чөлөөт бүс. Өнгөрсөн жил Туркийн худалдааны чөлөөт бүсүүд дээр 3,5 тэрбум ам.долларын худалдаа хийгдсэн. Турк Улс худалдааны чөлөөт бүсийн салбарт илүү чөлөөт байдал, гадаадын хөрөнгө оруулагчдад таатай, итгэл найдвартай орчин бүрдүүлэх, илүү бага дамжлага дамжих гэсэн 3 бодлогыг баримталдаг. Тиймээс энэ салбарт хамтарч ажиллах, туршлага судлах боломжтой” гэлээ. Мөн Элчин сайд Мурат Карагөз хэвлэлд өгсөн ярилцлагандаа:”Сэлэнгэ аймаг нь ОХУ-тай хиллэдэг, баялаг түүхтэй, хүн амын онцлог бүтэцтэй, хар зам, төмөр замын сүлжээтэй, урсгал усны эх үүсвэр, худалдааны чөлөөт бүс зэрэг оршин тогтнодогоороо онцлог аймаг байна. Тийм ч учраас Сэлэнгэ аймгийг стратегийн ач холбогдол бүхий бүс нутаг хэмжээн дүгнэж байна. Энэ аймагтай бүхий л талаар хамтран ажиллахдаа БНТУ бэлэн байна. Цаашид Сэлэнгэ аймгийг Туркийн аль нэг онцлог хоттой эгч дүүс хотын харилцаа тогтооход гүүр болж ажиллана гэдгээ хэллээ. Элчин сайд Мурат Карагөз нь Сэлэнгэ аймаг болон Алтанбулагийн худалдааны чөлөөт бүсэд айлчилсан анхны Туркын Элчин сайд болсноороо онцогтой.