Хиагт хот дахь ялалтын баярын арга хэмжээнд аймгийн Засаг дарга оролцлоо

 

5-р сарын 9-ний Бямба гарагт Аугаа их Эх орны дайны Ялалтын 70 жилийн ойг дэлхийн олон улс оронд, түүний дотор ОХУ-д өндөр хэмжээнд ёслон тэмдэглэсэн. ОХУ-ын Буриад улсын Хиагт хотод болсон ялалтын баярын ёслолын арга хэмжээнд аймгийн Засаг дарга С.Бүрэнбат оролцлоо.
 
Тус арга хэмжээний баярын параданд манай аймгийн хилчид жагсаж, Монгол цэргийн сүр жавхааг харууллаа. Баярын арга хэмжээ Хиагт хотын Төв цэнгэлдэхэд болсон. Анх удаа цэнгэлдэх хүрээлэндээ ялалтын баяраа тэмдэглэж байгаа тухай Хиагтын удирдлагууд хэлж байлаа. Хиагт хотын төв цэнгэлдэхийн хоёр талд өнөө цагийн оросын армийн сүрийг харуулах танк, машиныг эгнүүлэн байршуулж, цэргийн хүрээнийхэн болон сургуулийн сурагчид, төр төсвийн байгууллагууд жагсахад бэлэн болсон байв. Жагсаалын эхэнд дайнд амь насаа зориулсан ахмад дайчдын ар гэр, үр хүүхэд, садан төрөл хөрөг зургийг нь барин төв индэрийн өмнүүр өнгөрлөө. Үүний дараа төсөвт байгууллагууд, цэргийн хүрээнийхэн жагсаж, Хиагт хот дахь гарнизоны дайчдын үзүүлэх сургууль боллоо. Их ялалтын 70 жилийн ойн концертыг дайны үйл явцыг харуулсанаар зохион байгуулжээ.