Сэлэнгэ аймаг, Буриад улс хамтран ажиллах төлөвлөгөөг баталлаа
Сэлэнгэ аймгийн Засаг даргын урилгаар ОХУ-ын Буриад Улсын тэргүүн, Засгийн газрын дарга В.В.Наговицын энэ сарын 21-23-ны өдрүүдэд албан ёсны айлчлал хийж байгаа. 5-р сарын 21-ний өдөр ОХУ-ын Буриад Улсын тэргүүн, Засгийн газрын дарга В.В.Наговицын тэргүүтэй төлөөлөгчид Алтанбулаг хилийн боомтоор Сэлэнгэ аймагт хүрэлцэн ирсэн. Зочид төлөөлөгчдийг Сэлэнгэ аймгийн Засаг даргын орлогч Н.Батдорж угтан авлаа. ОХУ-ын Буриад Улсын тэргүүн, Засгийн газрын дарга В.В.Наговицын айлчлалын бүрэлдэхүүндээ төр, хувийн хэвшил, хэвлэл мэдээллийн салбарын 50 гаруй хүнийг багтаасан байлаа. Зочид төлөөлөгчид хилээр нэвтрэн орж ирснийхээ дараа хамгийн түрүүнд аймгийн Нэгдсэн Музейг үзэж сонирхон, санал хүсэлтийн дэвтэрт сэтгэгдлээ бичиж үлдээн, дурсгалын зургийг музейн хамт олонд гардууллаа.
 
 
 
Аймгийн төв Сүхбаатар хот дахь Партизаны талбайд төр төсвийн байгууллагуудын удирдлагууд эрхэм Ерөнхийлөгчийг угтан авч, их жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөж хүндэтгэл үзүүлэх үйл ажиллагаа боллоо.
 
Аймгийн ЗДТГ-ын хурлын их танхимд хоёр талын удирдлагуудын санал солилцох уулзалт ярицлага Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөсний дараа болов. ХАА, Боловсрол, Соёлын салбарт хоёр тал хамтран ажиллах боломжтой талаар яригдлаа.
 
Уулзалт ярилцлагын дараа зочид төлөөлөгчид аймгийн Нэгдсэн эмнэлэг, Алтан тариа компанийн үйл ажиллагаатай танилцаж, Гэрэлт цогцолборыг үзэж сонирхлоо. Гэрэлт цогцолборыг хэрхэн байгуулсан, Хулан хатны хөшөөг яагаад байгуулах болсон талаар аймгийн Засаг дарга ОХУ-ын Буриад Улсын тэргүүнд танилцуулсан юм. Холын зочиндоо хүндэтгэл үзүүлдэг монгол заншил ёсоор хурдан удмыг даагыг Хулан хатны хөшөөний дэргэд бэлэглэсэн.
 
Сүхбаатар хотын өнгө үзэмж, байгалийн сайханыг Гэрэл цогцолбороос тольдон харсан зочид АДБ-ийн “Сэлэнгийн долгио” чуулгын байранд ирж харилцан хамтран ажиллах гэрээний төлөвлөгөөнд гарын үсэг зурах ёслолын ажиллагаанд оролцлоо.
 
 
ОХУ-ын Буриад Улсын төрийн тэргүүний айлчлалын хүрээнд нийгэм, эдийн засгийн салбар тэр дундаа соёл, боловсрол, эрүүл мэнд, хөдөө аж ахуй, үйлдвэрлэл зэрэг салбарт хамтран ажиллахаар тохиролцож Монгол Улсын Сэлэнгэ аймгийн Засаг дарга С.Бүрэнбат, ОХУ-ын Буриад Улсын тэргүүн, Засгийн газрын дарга В.В.Наговицын нар хамтран ажиллах гэрээг хэрэгжүүлэх төлөвлөгөөнд гарын үсэг зурлаа. Мөн хоёр улсын зарим аж ахуйн нэгжүүд хамтран ажиллах портокольд харилцан гарын үсэг зурлаа. Үүнд: Сэлэнгэ аймгаас Буриад улсад мах гаргах чиглэлээр Цагааннуур сумын “Гацуурт”ХХК-ийн захирал Л.Чинбат, Закаменскийн махны үйлдвэрийн захирал Базор Борис Дашиевич, Хөдөө аж ахуйн техник, технологи, ШУ-ны салбарт хамтрах ажиллах чиглэлээр Цагааннуур сумын “Гацуурт”ХХК-ийн захирал Л.Чинбат, “Буян” компанийн ерөнхий захирал Ильин Владимир Николаевич, Үр тарианы үр нийлүүлэх чиглэлээр Зүүнбүрэн сумын “Гэгээлэг трейд”ХХК-ийн захирал Ц.Чулуун, Боргойскийн Үр тарианы үрийн аж ахуйн захирал Лобазеров Игорь Федорович, Төмс хүнсний ногоо нийлүүлэх чиглэлээр Сүхбаатар сумын “Мегамолл”ХХК-ийн захирал Б.Баярхүү, “Титан” группийн ерөнхий захирал Бредний Вадим Витальевич, Зөгийн аж ахуйг хөгжүүлэх чиглэлээр Шаамар сумын зөгийн холбооны тэргүүн Л.Оюунбаатар, Буриад усын зөгийн холбооны тэргүүн Васильев Валерий Эммануилович нар гарын үсэг зурав.
 
 
Гарын үсэг зурах ёслолын ажиллагааны дараа Сэлэнгэ аймгийн ИТХ-аас Сэлэнгэ аймаг, Буриад улсын хамтын ажиллагаанд ахиц дэвшлийг бий болгон ажиллаж байгаа ОХУ-ын Буриад Улсын тэргүүн, Засгийн газрын дарга В.В.Наговицынийг Сэлэнгэ аймгийн “Хүндэт иргэн”-ээр шагнасныг гардуулан өглөө. ОХУ-ын Буриад Улсын 90 жилийн ойн медалийг аймгийн Эрүүл мэндийн газрын дарга Ж.Од, Сүхбаатар сумын 1-р сургуулийн орос хэлний багш Л.Сэржхорлоо нарт гардууллаа.
 
Хамтран ажиллах төлөвлөгөөнд гарын үсэг зурж, шагналын үйл ажиллагаа явагдсаны дараа зочид АДБ-ийн “Сэлэнгийн долгио” чуулгын уран бүтээлчдийн урлагийн тоглолтыг үзэж сонирхлоо.
Гарын үсэг зурах ёслолын ажиллагааны өмнө Сэлэнгэ аймгийн Засаг дарга С.Бүрэнбат:-“Энэ удаагийн айлчлал нь сүүлийн хагас зуу шахам жилийн хугацаанд ОХУ-ын Буриад улсаас манай аймагт хийж буй анхны дээд хэмжээний албан ёсны айлчлал болж байгааг тэмдэглэн хэлэхэд нэн таатай байна. Уламжлалт харилцаат Буриад улс Сэлэнгэ аймгийн харилцаа хамтын ажиллагаа сүүлийн жилүүдэд идэвхжиж шинэ утга, агуулгаар баяжин хөгжиж байна. Сайн хөршийн, бүс нутгийн харилцаа, хамтын ажиллагааны энэхүү хөгжил дэвшилд ноён Ерөнхийлөгч таны оруулж буй хувь нэмэр их байгаад Сэлэнгэчүүд бид талархаж байна. Харилцаа, хамтын ажиллагааны хүрээнд иргэд, олон нийтийн эрэлт хүсэлтэд тулгуурлан 2 талын иргэд харилцан визгүй зорчдог болсон, Алтанбулаг-Хиагтын боомтыг 24 цагийн горимд анх удаа шилжүүлсэн, энэ оны эхэнд Монголчуудын уламжлалт их баяр цагаан сарын өмнөх өдрүүдэд дээрх боомт дээр үүссэн хүндрэлийг газар дээр нь биечлэн ирж шийдвэрлэсэн зэрэг үр нөлөө бүхий олон асуудлыг бодит ажил болгоход ноён Ерөнхийлөгч таны сэтгэл зүтгэл шийдвэрлэх үүрэг гүйцэтгэсэн гэдгийг онцлон хэлье. Цаашдаа ч таны болон Буриад зоны гүн дэмжлэг туслалцаатайгаар хийх ажил багагүй бий” хэмээн хэлсэн.
 
Ийнхүү Сэлэнгэ аймаг тодоор бичигдэх нэгэн шинэ хуудсаар түүхээ нэмлээ. Энэ айлчлал, хоёр талын харилцан хамтын ажиллагаа Сэлэнгэ түмэнд маань үр нөлөөгөө өгнө гэдэгт итгэлтэй байна.