Харилцаа холбоог бэхжүүлж, хамтын ажиллагааг өргөжүүлсэн “Эв модны наадам”
Орос, Монгол Улсын эв найрамдлыг билэгдэн ОХУ-ын Буриад улс, Сэлэнгэ аймгийн хооронд зохион байгуулдаг уламжлалт “Эв модны наадам” энэ удаа ОХУ-ын Буриад Улсын Зэдийн аймагт зохион байгуулагдлаа.
 
Тус наадамд Монгол Улсын талаас өмнөх жилүүдэд зөвхөн Сэлэнгэ аймаг дангаараа оролцдог байсан бол энэ удаа Дархан-Уул, Булган, Завхан аймгийн удирдлагууд, бизнесийн төлөөлөл нийт 150 гаруй хүн оролцлоо.
 
 
Урлаг, соёлын арга хэмжээгээр дагнан явагддаг байсан уламжлалт наадам энэ удаа хоёр улсын жижиг дунд бизнес эрхлэгчдийн хийж бүтээсэн бүтээлийг дэлгэн худалдаасан экспо хэлбэрээр зохион байгуулагдсанаараа онцлог байлаа. Үүний зэрэгцээ урлаг соёлын үзүүлбэрүүд, буриад бөх, сурын харваа, гоо охидын тэмцээнүүд явагдаж наадамчин олныг баясгасан. Энэ удаа Зэдийн аймгийн 80 жилийн ой давхар тохиож таарсан юм. Үзэсгэлэн худалдааны үеэр манай аймгаас дэлгэгдсэн үндэсний дээл хувцас, малгай, бүс Буриад иргэдийн сэтгэлд ихээхэн нийцэж худалдан авалтыг өргөнөөр хийж байв. Буриад түмний хүнсний худалдаа тэр дундаа талх нарийн боовны үзэсгэлэн манайхны хувьд онцгой сэтгэгдэл төрүүлж байлаа. ОХУ-ын Буриад Улсын тэргүүн В.В.Наговыцин энэхүү наадамд хүрэлцэн ирсэн нь “Эв модны наадам”-ын түүхэнд бичигдэх бас нэг томоохон үйл явц болсон юм. Буриад улс, Сэлэнгэ аймгийн эв найрамдал батжин бэхжиж, салбар бүрт хамтран ажиллах боломж бүрдснийг энэхүү үйл явц давхар харуулсан.
 
 
Эдийн засгийг өргөжүүлэх, хамтын ажиллагааг сайжруулах уулзалт хэлэлцүүлэг дээр Сэлэнгэ аймгийн Засаг дарга С.Бүрэнбат:-Уламжлалт эв модны наадмын үеэр бид нар эв найрамдлыг билэгдэж наадахаасаа гадна эдийн засгийн харилцааг өргөжүүлэх, хоёр улсын харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлэх энэ чиглэлд онцгой анхаарал хандуулж байна. Сэлэнгэ аймаг танай бүс нутаг руу уул уурхай ялангуяа нүүрс гаргах хүсэлтэй байгаа. Монголын эрүүл хөрсөнд үржиж байгаа малынхаа махыг, сүү цагаан идээг, төмс хүнсний ногоог экспортлох хүсэлтэй байна. Ахмадуудаа, хүүхдүүдээ харилцан солилцох, аялуулах, сургах хүсэлтэй байна. Аялал жуулчлалыг хоёр талдаа харилцан ашигтай явуулах ийм саналуудыг Буриад улсад тавьсан. Танайхаас 60-аадхан км-ийн цаана манай өндөр чанарын нүүрс байгааг та бүхэн мэдэж байгаа. Тэр нүүрсийг энэ орчмын районууд авч хэрэглээсэй гэж хүсч байна. Эдгээр саналууд хоёр талын хүчин чармайлтаас ихээхэн шалтгаална. Цаашдаа бүс нутгийн хэмжээнд бие биерүүгээ харилцан айлчилж, төрийн бодлогыг хэрэгжүүлж байгаа төрийн албан хаагчдыг харилцан солилцож, эдийн засгаа эрчимжүүлж ажиллах хэрэгтэй юм. Тиймээс та бүхэн хамтарч ажиллаарай, саналаа солилцоорой. Бараа бүтээгдэхүүн солилцох, нийгмийн салбарт хамтарч ажиллахад бид бэлэн байна. Өнөөдрийн эдийн засгийг өргөжүүлэх, хамтын ажиллагааг сайжруулах уулзалтаас гарсан саналуудыг Сэлэнгэ аймаг хүлээж авахад, хамтарч ажиллахад бэлэн байна” хэмээн хэлсэн.
 
 
Урлаг, соёл, жижиг дунд үйлдвэрлэлийн бараа бүтээгдэхүүнээ сурталчилан таниулах үндсэн зорилгыг агуулсан энэ удаагийн наадмын үеэр Буриад улсын тэргүүн Сэлэнгэ аймгийн Засаг дарга нар хил орчмын асуудал, намар хүнсний ногоо борлуулах тал дээр ажил хэргийн уулзалт зохион байгуулж чиг хандлагаа тодорхойлон ярилцлаа. Баруунбүрэн сум Нижный учаны хоттой, Баруунбүрэн сумын ерөнхий боловсролын сургууль Зэдийн 1-р сургуультай харилцаа хамтын ажиллагаагаа өргөжүүлэн, туршлага судалж ажиллахаар боллоо.
 
 
Тус наадмын уралдаан тэмцээнүүдийн буриад бөхийн барилдаанд Сэлэнгэ аймгийн “Таван хан” дэвжээний бөх аймгийн начин М.Жаргалсайхан түрүүлж хурсан олныг уран сайхан барилдаанаараа баясгалаа. Монгол бөхчүүдийн уран сайн барилдаанд Буриадын наадамчин олон үнэхээр сэтгэл хангалуун, тун ч их бахархалтай байсан юм. Дангина буюу үзэсгэлэн гоо охидын тэмцээнд Зэдийн аймгийн охин түрүүлсэн бол манай аймгийн охин 3-р байр эзэллээ. Сэлэнгэ нутгийн ирээдүй болсон бяцхан үрсийн маань “Бид Сэлэнгийн үр сад” тоглолт Зэдчүүдийн сэтгэлийг хөдөлгөж, суудлаас нь өндөлзүүлсэн сүрлэг сайхан тоглолт болж чадлаа. Үдшийн цэнгүүний арга хэмжээнд оролцсон манай хамтлаг, дуучидын хоолойн цар хүрээ, орчин үеийн хэв маяг хуран цугласан олны сэтгэлийг хөдөлгөж бас хөөргөж чадлаа.
 
 
Энэ удаагийн “Эв модны наадам”-д Дархан-Уул, Булган, Завхан гэсэн 3 аймгийн төлөөлөл манай аймагтай хамт оролцож бүрэлдэхүүнийг өргөн дэлгэр болгосон нь бас нэг онцлог. Дархан-Уул аймаг Улан-Үүд хоттой, Булган аймаг Закамскийн аймагтай найрсаг харилцаа холбоотой бол Завхан аймаг Зэдийн аймагт ажиллаж амьдардаг сартуул хүмүүстэй харилцаа холбоо тогтоох зорилгоор ирсэн юм. Дан ганц Сэлэнгэ аймаг бус оросын хот, тосгодтой эв найрамдлаа бэхжүүлэн хамтран ажиллаж байгаа 3 аймаг энэ жилийн “Эв модны наадам”-д оролцож жинхэнэ утгаараа эв найрамдлын баяр болгон тэмдэглэлээ.
 
 

Ийнхүү “Эв модны наадам”-д очсон аймгуудын удирдлагууд, бизнес эрхлэгчид, урлаг соёлынхон шинэ санаа, зах зээлийн шинэ боломжийг өвөртлөн гэртээ ирсэн. Энэ удаагийн “Эв модны наадам” уламжлалт найрсаг харилцаа холбоогоо бэхжүүлж, хамтын ажиллагаагаа өргөжүүлэн шинэ шатанд гаргасан, дуутай хууртай, дурсамжтай өргөн дэлгэр арга хэмжээ болж өндөрлөлөө.

Сэлэнгэчүүд Баянхаан, Бүрэнхаан, Дулаанхаан, Дэлгэрхаан, Товхонхаан гэсэн 5 хан уул нуруудаа сүслэн дээдэлж амьдардагтай нэгэн адил Буриад түмэн маань Бүрэнхаан, Хөхтхаан, Сартхаан, Түмэнхаан, Бархаан гэсэн таван хан уулуудаа оройлон дээдэлж явдаг ажээ.

Сэлэнгэ аймгийн Засаг дарга С.Бүрэнбат:

  Эдийн засгаа тэлье гэж зорьж байна

Энэ удаагийн “Эв модны наадам”-ыг амжилттайгаар зохион байгууллаа. Бид нар 150-аад хүний бүрэлдэхүүнтэй ирж оролцож байна. Эв модны уламжлалт энэ наадмыг эвсэг найрсаг харилцаанаасаа илүүтэйгээр зах зээлийн өнөөгийн нийгэмд өөрсдийнхөө байр суурийг илэрхийлж бас эзэлж, Сэлэнгэ аймагт үйлвэрлэж байгаа бараа бүтээгдэхүүнийг Буриад улсын зах зээл дээр гаргах, монгол хүмүүсийн бүтээлийг таниулан сурталчилах, тэр хүмүүсийн хөгжиж байгаа хөгжил, ардын болоод орчин цагийн урлаг соёлыг үзүүлж харуулахыг гол зорилгоо болгож зохион байгууллаа. Хамгийн гол нь ахмадууд, нийгмийн салбарт хамтран ажиллах, оюутан залуус, хүүхдүүдээ солилцож сургах зэрэг олон асуудлыг энэ удаа ярьж тохиролцож чадлаа. Сэлэнгэ аймагт Буриад Улсын Ерөнхийлөгч айлчилаад ойрын хугацаанд энэ бүх ажлыг хийхээр төлөвлөгөөг баталсан. Тэр уулзалтаас хойш 40-өөдхөн хоногийн дараа энэ арга хэмжээ болж байгаагаараа ач холбогдолтой юм. Энэ удаагийн наадамд Буриадын Ерөнхийлөгч хүрэлцэн ирж оролцож хамтын ажиллагаанд шинэ алхмыг гаргалаа. Монголын талаас ганцхан Сэлэнгэ аймаг биш Дархан-Уул аймаг, Булган, Завхан аймаг ирж орлцлоо. Одоо бид дэд бүтцийн салбар, төрийн албаныхандаа хамтын ажиллагааны шинэ алхмуудыг хийх шаардлагатай гэж үзэж байна. Ямартай ч бид өргөн бүрэлдэхүүнтэй ирж монголынхоо урлаг соёлыг, жижиг дунд үйлдвэрлэлийнхээ бүтээгдэхүүнийг, ялангуяа сүүлийн үед гаргаж байгаа амжилтуудаа сурталчилж чадлаа. Зохион байгуулалтын хувьд бид нар анх удаа хоёр улсын жижиг дунд үйлдвэрлэл тэр тусмаа гэрийн аргаар үйлдвэрлэдэг бүтээгдэхүүнийг сурталчлах арга хэмжээг зохион байгууллаа. Энд манай аймгийн үндэсний дээл хувцас, сувинер, гоёл чимэглэлийн зүйлс, эсгий урлал, гутал зэрэг хүмүүсийн сонирхолыг татсан анхаарлын төвд орсон бүтээгдэхүүнүүд өргөнөөр худалдаалагдлаа. Буриад түмэн маань үндэсний хувцасаа их өмсдөг болсон байна. Худалдан авалтыг сайн хийж байна. Цаашид захиалгаар хийлгэх тухай асуудал ч яригдаж байна. Тийм учраас бид нар заавал эв модны наадам гэхгүйгээр аймгуудтай ярилцаад зохион байгуулах хэрэгтэй юм байна гэж үзэж байгаа. Ойрын хугацаанд районы дарга нартай ярилцъя гэж төлөвлөөд байна. Ер нь бол эдийн засгаа тэлье гэж зорьж байна. Эдийн засгаа хүчтэй болгоё гэвэл бид нар орлого олох ёстой. Орлогыг зөвхөн Сэлэнгэдээ биш, Монголдоо биш хөрш зэргэлдээ Буриад улсаас олох боломж нээгдэж байна. Тийм учраас манай бизнес эрхлэгчид ялангуяа жижиг дунд бизнес эрхлэгчид үүнийг маш овжин ашиглах хэрэгтэй. Манай сумдын дарга нар ч сайн ашиглах хэрэгтэй гэдгийг хэлмээр байна.
 
Аймгийн ХХААГ-ын дарга Х.Даваахүү:
Байнгын харилцаа холбоо тогтоон ажиллахыг зорилгоо болголоо

Уламжлалт “Эв модны наадам” энэ жил Зэдийн аймагт болж байна. Энэ наадам хуучин соёл урлагийн арга хэмжээ нилээд голлодог байсан бол энэ жилээс эхлээд цаашдаа эдийн засгийн харилцааг өргөжүүлэх үүднээс зохион байгуулалт хийгдлээ. Тиймээс аймгийнхаа жижиг дунд үйлдвэрлэгчдийн бүтээгдэхүүнийг оролцуулж байна. Хилээр гаргахгүйн зовлон байгаа учраас бид нар хүнсний болон өөр бусад олон төрлийн бүтээгдэхүүнийг авчирч чадсангүй. Сүлжмэл, оёмолын чиглэлийн 7 аж ахуйн нэгжийн 40-өөд нэр төрлийн бүтээгдэхүүнийг авчирлаа. Хүмүүс их сонррхдог юм байна. Манай дээл, малгай, өвлийн гутал, эсгий эдлэлүүдийг маш их сонирхож байна. Зарим нэг нь харилцаа холбоо тогтоож байна. Дээл, малгай, бүс, цай гээд нилээдгүй бүтээгдэхүүн борлуулагдлаа. Цаг үеийг нь олоод зохион байгуулвал болох юм байна. Улам бүр өргөжүүлээд, хил гаалийн асуудлыг шийдвэрлэчих юм бол бүр ч өргөн бүрэлдэхүүнтэй ирэх боломж байна. Энэ удаа бид олон юм зарахаасаа илүүтэйгээр харилцаа холбоо тогтоох, энд ямар нэг дэлгүүрт байнгын лангуутай болох тал руу голлон анхаарч байна.

Зэдийн аймгийн ХАА-н дарга Ч.П. Цырэн-Доржиевич :

Манай хоёр аймгийн үйлдвэрлэгчид харилцаа холбоог сайн үүсгэж ажиллах хэрэгтэй

Өнөөдөр манай аймгийн 80 жилийн ойн баяр болж байна. Мөн хоёр улс хоорондын “Эв модны наадам” болж байна. 1986 онд Зэлтэр САА гэж байхад бид нар очиж эв модны наадмаа хийж байлаа. Энэ наадам бол хилийн аймгууд бие биендээ тустай, бие биендээ харилцан ашигтай, эвтэй байхыг чухалчилдаг ийм баяр. Өнөөдөр энд эрийн гурван наадам, урлаг спортын уралдаан тэмцээн, хоёр улсын ард иргэдийн үзэсгэлэн худалдаа зохион байгуулагдаж байна. Тиймээс манай хоёр аймгийн иргэд, үйлдвэрлэгчид харилцаа холбоог сайн үүсгэж, хоёр талруугаа ирж очиж, ажлаа эрчимжүүлж ажиллах хэрэгтэй болж байна. Манай Зэдийн аймаг мах боловсруулдаг, талх нарийн боовны үйлдвэрлэл эрхэлдэг гэх мэт 10 аж ахуйн нэгжтэй. Энэ жил манай аймаг 38000 гектар тариа тарьсан. 41000 толгой үхэртэй, 42000 толгой хоньтой, 7000 толгой адуутай. Мөн гахай, тахианы аж ахуйнууд бий.