Заксон-Анхалт муж улсын төлөөлөгчид манай аймагт ажлын айлчлал хийлээ

 

ХБНГУ-ын Заксон-Анхалт муж улсын төлөөлөгчид манай аймагт ажлын айлчлал хийлээ. Төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд Заксон-Анхалт муж улсын Шинжлэх ухаан, эдийн засгийн яамны төрийн нарийн бичгийн дарга Марко Туллнэр, Гадаад эдийн засаг, европын асуудал, хөгжлийн хамтын ажиллагааны газрын дарга Катрин Гутовски, Заксон-Анхалт муж улсын Засгийн газрын хэрэг эрхлэх газрын Олон улсын хамтын ажиллагаа, европын холбооны асуудал эрхэлсэн хэлтсийн дарга Буркхард Фийбэр, Хөрөнгө оруулалт-маркетингийн нийгэмлэгийн бүсийн менежэр Маркус Мюллэр, Инженерийн танхимын гүйцэтгэх захирал Райнэр Бергэр, Магдэбург ХАҮТ-ийн төлөөлөл Ролф Лэй, Андреас Кэрциг, Төлөвлөлт, зөвлөх үйлчилгээний “Ассманн”ХХК-ийн гүйцэтгэх захирал Ханс Георг Грассхофф, төлөөлөгч Ирина Шивон, Карстэн Шлёгл, Хэмжилтийн төхөөрөмж үйлдвэрлэгч НМР “Магдэбург”ХХК-ийн захирал Гуннар Хэннинг, Магдэбург төлөвлөлтийн товчооны гүйцэтгэх захирал Ёохим Яан, Ёорг Хэррманн хэмжилтийн товчооны гүйцэтгэх захирал Ёорг Хэррманн нарын хүмүүс багтсан байв.
 
ХБНГУ-ын Заксон-Анхалт муж улсын төлөөлөгчдийн манай улс дахь айлчлал хоёр орны эдийн засгийн харилцааг гүнзгийрүүлэх, орон нутаг дахь жижиг дунд үйлдвэрүүдийн түвшинд хамтын ажиллагааг өргөжүүлэх үндсэн зорилгыг агуулсан байна. Энэхүү ажлын айлчлалыг ХБНГУ-ын Заксон-Анхалт муж улсын Инженерийн танхим, тус муж улсын Хөрөнгө оруулалт-маркетингийн нийгэмлэг, Монгол-Германы эдийн засгийн клуб хамтран зохион байгууллаа.
 
Заксон-Анхалт муж улс нь ХБНГУ-ын 16 муж улсын нэг бөгөөд 2,2 сая хүн амтай, нийслэл Берлин хотоос 150 км зайд оршдог. Засаг захиргааны бүтцийн хувьд нийт 218 суурин, 104 хотоос бүрдэх 11 тойрогтой. Хүн амынх нь 46 хувь нь хотуудад суурьшсан.
 
Тус муж улсын дотоодын нийт бүтээгдэхүүн 2000 онд 42,6 тэрбум евро байсан бол 2014 онд 55,6 тэрбум евро болж эдийн засгийн байнгын өсөлтөө баталгаажуулсан байна. Энэ үзүүлэлтийг улсын 16 муж улстай харьцуулбал 12-т орж байгаа ажээ. Заксон-Анхалт муж улсын эдийн засагт хими, машин тоног төхөөрөмж, хүнсний үйлдвэрлэл, аялал жуулчлал давамгайлах байр суурийг эзэлдэг байна. Муж улсын их дээд сургуулиуд, судалгаа шинжилгээний байгууллагууд мэдлэгт суурилсан эдийн засгийн хөгжилд онцгойлох үүрэг гүйцэтгэдэг ажээ. Сүүлийн жилүүдэд тус мужид нөхөн сэргээгдэх түүхий эдэд суурилсан салбарууд болох модны үйлдвэрлэл, сэргээгдэх эрчим хүчний чиглэл эрчимтэй хөгжиж байгаа юм байна.
 
Эдийн засгийн тогтмол өсөлттэй энэхүү муж улсын төлөөлөгчдийг аймгийн Засаг дарга С.Бүрэнбат тэргүүтэй аймгийн удирдлагууд хүлээн авч уулзсан бөгөөд, зочид манай аймгийн бизнес эрхлэгчдийн төлөөлөлтэй багаар болон ганцаарчилсан хэлбэрээр уулзалт зохион байгууллаа. Мөн Сүхбаатар суманд Герман технологиор талх нарийн боовны үйлдвэрлэл эрхэлж байгаа үйлдвэрлэгчийн үйл ажиллагаатай төлөөлөгчид танилцав.
 
Сэлэнгэ аймгийн зүгээс арьс шир ноос боловсруулах үйлдвэр, байгалийн жимс жимсгэнэ боловсруулах үйлдвэр, тээвэр жуулчлалын “Ложистик” төв, импортыг орлох хүн амын хүнсэнд хэрэглэгддэг хальслаг үр тарианы ургамлын үрийг боловсруулах иж бүрэн үйлдвэр, төмөрлөг ган хайлуулах, уул уурхайн бүтээгдэхүүнийг боловсруулах үйлдвэр байгуулах, аялал жуулчлалын чиглэлээр, эрүүл мэнд, боловсролын салбарт хамтран ажиллах саналаа илэрхийлж, харилцан ярилцлаа.