Ирэх онд хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа

2015 онд Сэлэнгэ аймгийн гадаад харилцаа улам өргөжин тэлж, урд өмнөхөөсөө илүүтэй, дэвшилттэй үйл явдлуудаар дүүрэн байлаа. Энэ жил урд хөрштэйгээ байгуулсан хамтран ажиллах үйл ажиллагааны хүрээнд олон чухал үйл ажиллагаануудыг хамтран хийж хэрэгжүүлсэн билээ. Хэдхэн хоногийн өмнө Монгол Улсын Сэлэнгэ аймаг, БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөх хоттой байгуулсан найрамдалт харилцаа, хамтын ажиллагааныхаа хүрээнд Сэлэнгэ аймгийн ЗДТГ-ын дарга Ө.Сувдаа ажлын айлчлал хийгээд ирлээ. Тэрээр Хөх хоттой байгуулсан хамтын ажиллагааныхаа 2015 оны үйл ажиллагааг дүгнэх, цаашид хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурсан юм. Ирэх 2016 онд урд хөршийн Хөх хоттой урд өмнө хийж, хэрэгжүүлж байсан үйл ажиллагаагаа үргэлжлүүлэн явуулахын зэрэгцээ боловсрол, соёлын салбарын хамтын ажиллагааг улам өргөжүүлэх, багш нар, боловсролын салбарын төлөөлөгчид, хүүхдүүдийг харилцан солилцох тухайлбал хүүхдийн зусланд амраах, соёл, урлагийн төлөөллөө солилцох, түүнчлэн газар тариалан, мал аж ахуй, эрүүл мэнд, биеийн тамир спорт, хот төлөвлөлт, ногоон байгууламж зэрэг салбарт хамтын ажиллагааг улам гүнзгийрүүлж бусад салбарын хамтын ажиллагааг тасралтгүй өргөжүүлэх, мөн Торгоны замын эдийн засгийн хамтын ажиллагаа болон тал нутгийн хамтын ажиллагааны хүрээнд худалдаа, эдийн засаг, аж ахуйн нэгж хоорондын хамтын ажиллагааг идэвхижүүлэх, Харилцан итгэлцлийг гүнзгийрүүлж, мэдээлэл солилцон, албан байгууллага, үйлдвэрлэл эрхлэгчдийг үзэсгэлэн худалдаа, үндэсний болон уламжлалт баяр ёслолын үйл ажиллагаанд харилцан урьж оролцуулах, хамтын ажиллагааны шинэ арга замыг нээх зэрэг үйл ажиллагаануудад хамтарч ажиллахаар тохиолцон хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурсан байна.