Аймгийн Засаг дарга БНХАУ-д ажлын айчлал хийгээд ирлээ
Сэлэнгэ аймгийн Засаг дарга С.Бүрэнбат БНХАУ-д болсон ОХУ, Монгол Улс, БНХАУ гэсэн гурван улсын хоорондын “цайны замын асуудлаарх” уулзалтанд оролцоод ирлээ. Тэрээр уг арга хэмжээнд 4 удаа оролцож байгаа бөгөөд энэ удаа аймгийнхаа талаар мэдээлэл хийжээ. Хятадын зүгээс энэхүү арга хэмжээг “түмэн газрын цайны зам” хэмээн томьёолж байгаа аж. Энэ нь Хятадын урд мужаас эхлээд Бээжингээр дамжаад Монгол Улсын Замын үүдээр орж ирээд, монгол улсыг хөндлөн хойшоо Сэлэнгэ аймгаар дамжаад Санктпетербург хүрэх хурдны зам юм. Уг арга хэмжээнд гурван улсын эрх бүхий хүмүүс уулзан санал бодлоо солилцож, гарын үсэг зуржээ. Энэхүү арга хэмжээнд манай Сэлэнгэ аймгаас гадна, Дархан-Уул, Төв, Ховд аймгууд, мөн нийслэл хотоос төлөөлөгчид, Хятад улсад суугаа Монгол Улсын элчин сайд монголоо төлөөлөн оролцсон байна. Цайны замын асуудлаарх уулзалтанд оролцож буй шалтгаан нь манай аймгийн хувьд нэгдүгээрт газар зүйн байрлалын хувьд ач холбогдолтой, хоёрдугаарт энэхүү олон улсын худалдаа, тээвэр зуучлал нь манай ирээдүйн орлогын эх үүсвэр болж байгаа учраас юм. Иймээс энэ талыг үндэслээд хамтарч ажиллах саналыг хоёр хөрш улсын зүгээс Сэлэнгэ аймгийн удирдлагад тавьж, мэдээлэл хийх хүсэлтийг ирүүлсэн ажээ. Энэ утгаар аймгийн дарга уг арга хэмжээнд оролцож, Сэлэнгэ аймгийн зүгээс Монгол Улсын эдийн засагт үзүүлдэг нөлөө, үндсэн хэв шинжийн талаар мэдээлэл хийсэн байна. Аймгийн дарга хэлэхдээ “Сэлэнгэчүүдийн хувьд Орос, Монголын хоорондох босоо тэнхлэгийн зам дээр байгаа нөхцлөө ашиглаад дахин боловсуулах үйлдвэрүүдийг байгуулж болж байна.
 
Бидэнд Орос, Хятадын том зах зээл хэрэгтэй. Бид эрчимжсэн аж ахуйгаасаа гарч байгаа түүхий эдээ дахин боловсруулаад, нэмүү өртөг шингээгээд өшөө үнэд хүрдэг зах зээл рүү гаргах хэрэгтэй. Бидэнд газар нь байна, эдийн засгийн эрх зүйн маш таатай орчин байна. Харин бидэнд хуримтлуулсан мөнгө алга. Иймээс тэдэнтэй хамтраад хөрөнгө оруулалтаа хийгээд, тэдний технологийг ашиглаад, өөртөө байгаа бүтээгдэхүүнээ ашиглаад хамтдаа хөгжих боломж байна” хэмээн ярилаа. Уулзалтын үеэр Сэлэнгэ аймгийн хувьд
 
 
1.Эрчимжсэн аж ахуй дээр хамтарч ажиллах тухай
 
 
2.Мэдлэгийн эдийн засгийг Сэлэнгийнхээ хөрсөнд суулгах
 
 
3.Аялал жуулчлал гэсэн үндсэн гурван чиглэлд төвлөрч хамтран ажиллахаар ярилцаж, тохирсон байна.
 
 
Хамгийн гол нь хоёр том хөрштэй хамтарч ажиллахад бидний тухайлбал Монголчуудын хувьд нэгдмэл ойлголттой байж, хөгжлийн үзэл баримтлал гэдэг зүйлийг маш сайн хийгээд түүндээ итгэл үнэмшилтэй явах хэрэгтэй юм байна гэдгийг бодож суулаа хэмээн аймгийн дарга онцлон хэллээ.