Хүүхэд, эцэг эх, сургуулиас гаргасан санаачилгыг бодит үр дүнд хүргэнэ
Аймгийн Засаг даргаас иргэн рүүгээ хандсан, хүнээ дээдэлсэн бодит ажил арга хэмжээг улам бүр төгөлдөржүүлж ажиллахыг зорьж байна. Үүний нэг нь хүүхэд, эцэг эх, сургуулиас гаргасан санаачилгыг бодит үр дүнд хүргэх.
 
 
“Гэр хорооллуудыг өөд нь татъя. Амьдралын ханш арай өөр байна. Байранд байгаа хүмүүс сайхан амьдарч байна. Хашаа байшин, гэр хороололд амьдарч байгаа хүмүүс модын үнэ, усны үнэ, усны чанар, орчин нөхцөл гээд тэс өөр байна. Тэд маш өндөр зардалтай амьдарч байна. Тиймээс орчин нөхцлийг нь сайжруулах хэрэгтэй. Өнгөрсөн жил Салхитын амыг тойруулж зам тавьсан. Үүний гол зорилго тэр хавийн хүүхдүүдийг өглөө эрт автобусанд суугаад хичээлдээ ирдэг болгох. Одоо Шүдэнзний ар, Салхитын амны орчин тойронг сайхан болгомоор байна. Сүхбаатар хотод энэ жил хийгдсэн ажлууд бол өнгөрсөн жил оюутнуудаасаа гарсан санал санаачлагыг ажил хэрэг болгосон явдал. Та бүхэн багш нартаа уриалга гаргаад яг юу хийж болохоор байна нөхцлийг нь судлаад танилцуулвал бид дэмжье” гэж аймгийн Засаг дарга С.Бүрэнбат Сүхбаатар сумын улсын тэргүүний 1 дүгээр сургуулийн удирдлагуудтай уулзах үеэрээ хэллээ. Тэрээр цааш нь хүүхдүүдэд тэвчээр суулгах асуудал хамгаас чухал болоод байна. Сууж сурна гэдэг олон юмны учрыг олж, ихийг сурч мэдэх үндэс суурь нь болдог. Амьдралын дадал, зан үйлийн холбоотой хөтөлбөр гаргаад явуулбал дэмжье. Тэгвэл танайхаар жишиг болгоод бүх сургуульдаа хэрэгжүүлье. Тэвчээрийн үр дүн бол амжилт гэсэн юм.