ИРГЭД СҮРЬЕЭГИЙН ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ҮЙЛ АЖИЛЛАГААНД 30 ХУВИЙН ҮНЭЛГЭЭ ӨГЛӨӨ

Швейцарийн хөгжлийн агентлаг, Дэлхийн банктай хамтран “Монгол Улсад нийгмийн эгэх хариуцлагыг бэхжүүлэх нь” төслийг Дорнод, Говь-Алтай, Говьсүмбэр, Сүхбаатар, Сэлэнгэ, Ховд, Хэнтий зэрэг 10 аймаг, Улаанбаатарын гурван дүүрэгт 2016 оноос эхлэн  хэрэгжүүлж эхлээд байгаа. Энэхүү төслийн хүрээнд Сэлэнгэ аймгийн эрүүл мэндийн салбарт тус төслийг хэрэгжүүлэх шаардлагатай гэж үзэн аймгийн эрүүл мэндийн салбарын хамгийн тулгамдсан асуудал болох сүрьеэ өвчны тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах төслийг 9 сараас эхлүүлэн хэрэгжүүлж иргэдийн төлөөллийг хамруулжээ. Тус төсөлд  20 иргэний нийгмийн байгууллагыг сонгон шалгаруулж төрийн үйлчилгээг иргэд хянаж үнэлгээ тавих анхан шатны мэдэгдэхүүн олгох үүднээс сургалтанд хамруулсан байна. Үүний дараагаар иргэд сурсан онолын мэдлэгээрээ сүрьеэгийн тасгийн тусламж үйлчилгээн дээр хоёр сарын турш үнэлгээ хийсэн аж. Өнгөрсөн баасан гарагт Иргэдийн онооны картын “Нүүр тулсан” уулзалтыг Сэлэнгэ аймагт зохион байгууллаа. Нүүр тулсан уулзалтын үеэр төслийн чиглүүлэгч, “Ардчиллын боловсрол төв” ТББ-ын захирал Г.Ундрал:-“Өмнө нь төрийн байгууллагууд иргэдээсээ асуулгүйгээр өөрсдөө нэг ажлын төлөвлөгөө гаргаад түүнийгээ хийдэг байсан. Тэр ажил нь иргэдэд таалагдаж байна уу, үгүй юу гэдгийг сонсдог ч үгүй, хүлээдэггүй байсан. Харин энэ удаа  иргэдийн санал хүсэлт дээр тулгуурласан, сайжруулсан төлөвлөгөө гарлаа. Мэдээж энэ төлөвлөгөө цаашид хэрэгжихэд төсөв мөнгө хэрэгтэй. Үүнийг аймгийн Засаг дарга болоод бусад байгууллага, аж ахуйн нэгжүүдээс хандив босгох, мөн олон улсын байгууллагуудад хандах чиглэлээр төслийнхөө төлөвлөгөө, хэрэгжилтийг хийнэ байх гэж бодож байна” хэмээлээ. Нийгмийн эгэх хариуцлагын чиглэлээр хэрэгжсэн энэхүү төслийн үр дүнд иргэд анх удаа төрийн байгууллагад үнэлгээ өглөө. Тэд Сэлэнгэ аймгийн сүрьеэгийн тусламж үйлчилгээнд 30 орчим хувийн үнэлгээг өгсөн байна. Мөн үнэлгээнээс гадна зарим хангалтгүй байсан ажлуудыг үлдэж байгаа хугацаанд хэрхэн шийдвэрлэж болох тал дээр ажлын таван шалгуур үзүүлэлт дээр төлөвлөгөө боловсруулан гаргалаа. Уг төслийн эцсийн үр дүнг ирэх есдүгээр сарын 30 гэхэд хэлэлцээд албан ёсоор төслөө хаах юм байна. Нүүр тулсан уулзалтанд аймгийн удирдлагууд, иргэдийн  төлөөлөл,  үйлчилгээ үзүүлэгч байгууллага, аймгийн нэгдсэн эмнэлгийн хамт олон хамрагдлаа.