ЭХ БАРИХ ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ЯАРАЛТАЙ ТУСЛАМЖИЙН ЭРЧИМЖҮҮЛСЭН СУРГАЛТ МАНАЙ АЙМАГТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

ЭМЯ, Люксенбургийн Засгийн газар, НҮБ-ын Хүн амын сангаас хэрэгжүүлж буй Эх нярайн тусламжинд зайн оношлогооны дэмжлэг үзүүлэх нь төслийн хүрээнд ЭХЭМҮТ, Монголын эх барих эмэгтэйчүүдийн эмч нарын нийгэмлэгтэй хамтран 3 өдрийн сургалтыг Сэлэнгэ аймагт амжилттай зохион байгууллаа. Сургалтанд Булган, Орхон, Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн эмч мэргэжилтнүүд оролцлоо. Бүсийн сургалтыг НҮБ-ын Хүн амын сан буюу “Эх нярайн тусламжид дэмжлэг үзүүлэх зайн оношлогооны төсөл” санхүүжүүлж, Малайз улсын эх барих эмэгтэйчүүдийн нийгэмлэгийн эмч нар дэмжлэг үзүүлж хамтран зохион байгуулагчаар ажиллалаа. Малайзын эх барих эмэгтэйчүүдийн нийгэмлэг нь 5 жилийн өмнө уг сургалтыг санаачлан эхлүүлж байсан тухай Ази-Далайн эх барих эмэгтэйчүүдийн эмч нарын холбооны ерөнхийлөгч Dr. Рави Чандра онцолж байв. Тиймээс “АЗИ-ДАЛАЙН ХОЛБОО”-ны зүгээс энэхүү үйл ажиллагааг бусад оронд түгээн дэлгэрүүлэх нь зүйтэй гэж үзсэн байна. Энэ удаагийн бүсийн сургалтанд гадны эмч мэргэжилтнүүд өргөн бүрэлдэхүүнтэй оролцсон нь бусад аймагт болж байсан сургалтаас онцлог болсон юм. 3 өдрийн эрчимжсэн сургалтын чиглүүлэгч багшаар Малайз улсын эх барих эмэгтэйчүүдийн нарийн мэргэжлийн 7 эмч мэргэжилтэн ажиллалаа.

Эх нярайн зайн оношлогооны төсөл Монгол Улсад 2007 оноос хойш хэрэгжиж эхлэсэн. Өнгөрсөн 10 жилийн хугацаанд хөдөө орон нутгийн эмнэлгүүдийг ЭХЭМҮТ-тэй телемэдициний сүлжээнд холбосноор эх барихын чанартай тусламж үйлчилгээний чадавхыг бий болгож ажиллажээ. Төсөл хэрэгжих явцад тусламж үйлчилгээний удирдамж, гарын авлагуудыг бэлдэж гаргаснаас гадна, шинэ техник технологиудыг практикт нэвтрүүлснээр үр дүнгээ өгч эхлэсэн байна. 2007 онд анх төсөл эхэлж байхад эхийн эндэгдэл улсын хэмжээнд 100.0 мянган амьд төрөлтөнд 97 байсан бол 2015 оны байдлаар 100.0 мянган амьд төрөлтөд 22 болж буурсан байна. Монгол Улсын хувьд эрүүл мэндтэй холбоотой мянганы хөгжлийн зорилт тэр дундаа эх, хүүхдийн эндэгдлийг бууруулах зорилтод хүрэхэд НҮБ-ын Хүн амын сангийн оруулсан хувь нэмэр өндөр байсан гэж үзэж байна. Тиймээс цаашид энэ амжилтаа хадгалах, мөн бататгаж үлдэхийн тулд Эх барих эмэгтэйчүүдийн яаралтай тусламжийн эрчимжүүлсэн сургалтыг бүсчилсэн хэлбэрээр явуулах нь зүйтэй гэж үзлээ.

Энэ удаагийн сургалт мэдлэгт суурилсан чадавхжуулах сургалт болсон. Чадавхжуулах сургалтыг Малайз улсын эх барихын чиглэлийн нарийн мэргэжлийн эмч нар Монголын багийнхантай хамтран онол дадлага хослуулан явууллаа. Ер нь эхийн эндэгдлийг бууруулах тухай асуудал нь дан ганц эмчийн шийдэх асуудал биш гэдгийг мэргэжилтнүүд онцолж байлаа. Өнөөдөр дэлхий нийтээрээ эхийн эндэгдлийн тухай сэдвээр өргөн ярих болсон гэдгийг гадны мэргэжилтнүүд ч онцолсон. Учир нь мянганы хөгжлийн зорилтод  эх, хүүхдийн эндэгдлийг 3 дахин бууруулна гэж тусгаж өгсөн байдаг ч ихэнх орнууд энэ зорилтоо хэрэгжүүлж чадаагүй байдаг байна. Харин Монгол орны хувьд эхийн эндэгдлийг бууруулж чадсанаараа мянганы хөгжлийн зорилтоо биелүүлж чадсан дэлхийн 9 орны нэгт багтжээ. 2015 оны байдлаар Монгол Улс эхийн эндэгдлийг бууруулсан дэлхийн 9 орны нэгт багтаж чадсан ч 2016 онд эхийн эндэгдлийн тоо өссөн үзүүлэлттэй гараад байгаа. Төслийн зүгээс энэ байдалд үнэлгээ дүгнэлт өгч үлдэж байгаа 2 жилийн хугацаанд эхийн эндэгдлийг бууруулахад чиглэсэн бодлого боловсруулж ажиллахаар боллов.