ХАЛДВАРТ БОЛОН ХАЛДВАРТ БУС ӨВЧНИЙ ЭРТ ИЛРҮҮЛГИЙН ЦОГЦ ҮЗЛЭГ ХУШААТ СУМАНД ЯВАГДЛАА

Сэлэнгэ аймгийн Хушаат суманд Халдварт болон Халдварт бус өвчний эрт илрүүлгийн цогц үзлэг 11-р сарын 2-6-ны өдрүүдэд явагдаж нийт 1020 иргэн хамрагдлаа. Аймгийн Засаг дарга Ш.Оргил Эрүүл мэндийн сайдын 2016 оны 04-р сарын 29 өдрийн “Эмнэлгийн тусламж үйлчилгээг явуулын хэлбэрээр үзүүлэх журам”-ыг үндэслэн “Халдварт болон Халдварт бус өвчний эрт илрүүлэг”-ийн үзлэгийг Хушаат суманд зохион байгуулах саналыг аймгийн ЭМГ-т хүргүүлснээр энэ удаагийн арга хэмжээ амжилттай зохион байгуулагдлаа.

Эрт илрүүлгийн цогц үзлэгт МУ-ын ЗГХЭГ-ын эрүүл мэндийн асуудал хариуцсан ахлах референт Д.Ганчимэг, ЭМЯ-ны мэргэжилтэн н.Өнөржаргал, ХӨСҮТ-ийн ерөнхий захирал, анагаах ухааны доктор, дэд профессор Д.Нямхүү нарын албаны хүмүүс оролцож мэргэжлийн зөвлөгөөг газар дээр нь өгсөн бол ХӨСҮТ-ийн Сүрьеэгийн тандалт судалгааны албаны эмч, инженер техникийн ажилчид, Сэлэнгэ аймгийн төр болон хувийн хэвшлийн эмнэлгүүдийн эмч мэргэжилтнүүдээс бүрдсэн 100 гаруй хүний бүрэлдэхүүнтэй баг иргэдэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг хүргэлээ.

Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт “Иргэн бүрийг эрүүл мэндийн цахим мэдээллийн сантай болгох” заалт туссан. Энэ ажлыг Сэлэнгэ аймаг улсын хэмжээнд анх удаа 2016 оны 11-р сард Дулаанхаан тосгоноос амжилттай эхлүүлсэн бөгөөд энэ удаа Хушаат сумаар үргэлжлүүлж “ЦАХИМ САН”-г амжилттай үүсгэлээ. Сүүлийн жилүүдэд Халдварт болон Халдварт бус өвчний гаралт буурахгүй байгаа нь иргэд өөрийн эрүүл мэнддээ тавих анхаарал сул байгаатай холбоотой гэж мэргэжилтнүүд үзэж байна. Иймээс иргэдээ өвдсөн хойно нь биш, өвдөхөөс нь өмнө урьдчилан сэргийлэх, үзлэг оношилгоонд бүрэн хамруулах, нэг ч иргэнийг орхигдуулахгүй үйлчилдэг байх зарчмыг аймгийн удирдлагын багаас баримталж байгаа учир аймгийн ЭМГ сумдын ЭМТ, сум, багийн Засаг дарга нартай нягт хамтран ажиллаж иргэдийнхээ судалгааг нэг бүрчлэн гаргасан байна.

Сэлэнгэ аймаг сүүлийн таван жилийн байдлаар халдварт өвчний шалтгаант өвчлөлийн нэг болох сүрьеэ өвчний гаралтаар улсад дээгүүрт орж байгаа тул 2020 он гэхэд Сүрьеэгүй аймаг болох том зорилтыг дэвшүүлэн ажиллаж байна. Мөн хөтөлбөр боловсруулан хэрэгжүүлж энэ хүрээндээ цээжний хөндийн эмгэг илрүүлэх эрт илрүүлгийн явуулын үзлэгийг 14 суманд зохион байгуулаад байна.

2000 гаран хүн амтай Хушаат сумын хүн амын 1300 орчим нь 15-аас дээш насны иргэд ажээ. Энэ удаагийн эрт илрүүлгийн нарийн мэргэжлийн эмчийн үзлэгт сумын нийт хүн амын 80 орчим хувь нь хамрагдаж мэдээллээ цахим санд амжилттай баталгаажуулж хадгаллаа.

Ийнхүү иргэдээ өвдсөн хойно нь биш өвдөхөөс нь өмнө үзэж, урьдчилан сэргийлэх үзлэг оношилгоог хийж хэвшүүлдэг болох Сэлэнгэ аймгийн Засаг дарга Ш.Оргилын санал санаачлагыг аймгийн Эрүүл мэндийн салбарын эмч мэргэжилтнүүд тусгай төлөвлөгөө зохион байгуулалт, үе шаттайгаар амжилттай хэрэгжүүлэн ажиллаж байна.