АЙМГИЙН ДАРГА НЭГДСЭН ЭМНЭЛГИЙН ЗАСВАРЫН АЖЛЫН ГҮЙЦЭТГЭЛТЭЙ ТАНИЛЦЛАА

Өнөөдөр аймгийн Засаг дарга Ш.Оргил Нэгдсэн эмнэлгийн засварын ажлын гүйцэтгэлтэй танилцаж, ажилчдын мэдээллийн цаг арга хэмжээнд оролцлоо. Энэ үеэр Сэлэнгэ аймгийн нийт төсвийн дийлэнх нь эрүүл мэнд, боловсрол гэсэн хоёр салбарт зарцуулагдаж байгааг тодотгож байв. Энэ нь ард иргэд, хүүхэд багачуудаа бодсон шийдвэр юм. Өсвөрийн баг тамирчид, эрүүл мэндийн чиглэлээр ирсэн бүх хүсэлтийг шийдвэрлэж ажилласны үр дүн иргээд амжилт болон ирж байгаад сэтгэл хангалуун байгаагаа Засаг дарга илэрхийлсэн.

Өнөөдөр аймгийн Нэгдсэн эмнэлэг хамгийн сүүлийн үеийн бүхий л тоног төхөөрөмж, эмч мэргэжилтнүүдээр бүрэн хангагдаад байгаа билээ. Уулзалтын төгсгөлд аймгийн дарга эмч нарын харилцаа хандлага ёс зүйн асуудалд онцгойлон анхаарч хүнээ дээдлэн элгэмсэг дотно хандаж ажиллаарай гэж захилаа. Ард иргэдийн хамгийн их уур унтууг хүргэдэг дугаар авах асуудал өрхийн эмнэлгүүд Нэгдсэн эмнэлэг дээрээ байрлаж байгаатай холбоотой учир өрхийн эмнэлгийг хүн амынхаа дунд, өрх дээр нь байлгах асуудлыг эхний ээлжинд шийдвэрлэнэ гэсэн юм. Учир нь 1-р шатлалын буюусум,багийнхаа өрхийн эмнэлэг дээрээ үзүүлэх ёстой иргэд шууд 2-р шатлалын Нэгдсэн эмнэлэг дээр ирж үзүүлж байгаагаас төвлөрөл бий болж асуудал үүсч байгаа аж. Одоогийн байдлаар Сүхбаатар сумын 2, 7-р багуудын өрхийн эмнэлэг Нэгдсэн эмнэлэг дээр байрлаж байна. Нэгэнт том эмнэлэг дээр ирсэн хүмүүс эндээ үзүүлэхийг илүүд зорих нь ойлгомжтой.

Энэхүү бодит байдалд үндэслэн өрхийн эмнэлгүүдийг өрх дээр нь байлгах, мэргэжлийн боловсон хүчнээр хангах, 1-р шатлалын эмнэлгийн тусламж үйлчилгээг үзүүлэх нөхцөл боломжийг нь хангах бодлогыг аймгийн зүгээс барьж, шийдвэрлэхээр болоод байгаа юм. Ингэж шийдсэнээр 2-р шатлал буюу Нэгдсэн эмнэлэгт үзүүлэх шаардлагатай үйлчлүүлэгчдийг сум, багийн өрхийн эмнэлэг урьдчилан мэдэгддэг болж дугаарын асуудал, иргэдийн өдөр алддаг байдал багасна гэж харж байгаа юм. 
Ийнхүү аймгийн удирдлагын багийн дэмжлэг, эмнэлгийн эмч мэргэжилтэн ажилчдын сэтгэл зүлтгэлийн үр дүнд тасгууд нь төрөлжсөн, цоо шинэхэн, тохилог, гэгээлэг эмнэлэгийн амбулатори үйлчлүүлэгч таныг угтан авахаар бэлэн болжээ.