АЙМГИЙН НЭГДСЭН ЭМНЭЛЭГТ ТУСГААРЛАЛТАД ЭМЭГТЭЙ АМАРЖИЖ, ОХИНТОЙ БОЛЖЭЭ

ОХУ-ын Москва хотоос Сэлэнгэ аймгийн Алтанбулаг дахь автозамын олон улсын боомтоор 5-р сарын 14-ний өдөр орж ирэн Нэгдсэн эмнэлгийн халдвартын тасагт тусгаарлагдаад 16 хонож байсан 39 настай жирэмсэн эхийг 5 дугаар сарын 30-ны өдөр хагалгаат төрөлтөөр төрүүлсэн байна. Хагалгааны явцад умайн агшилт суларч цус алдсан хэдий ч хагалгааг амжилттай хийж, 2 710 гр жинтэй охин эсэн мэнд төржээ. Одоо эх, хүүхдийн биeийн байдал тогтвортой хэвийн байгаа гэнэ. Тус хагалгааг тус эмнэлгийн төрөх, эмэгтэйчүүдийн тасгийн эрхлэгч эмч Б.Алтанцэцэгээр ахлуулсан баг амжилттай хийсэн бөгөөд эмэгтэйчүүдийн эмч Б.Цогтбаатар, мэдээгүйжүүлгийн эмч Б.Цэрэнтогтох, нярайн эмч Д.Пүрэвсүрэн, мэдээгүйжүүлгийн сувилагч Н.Дашмаа, мэс заслын сувилагч н.Өлзийтогтох, нярайн сувилагч Б.Эрдэнэтуул, асрагч Р.Сэлэнгэ нар эх, хүүхдийг эсэн мэнд амаржуулсан байна.

Ташрамд дуулгахад, тусгаарлалтын явцад эхээс хоёр удаагийн коронавирус илрүүлэх шинжилгээ авахад хариу сөрөг гарсан аж.