КОМПЬЮТЕР ТОМОГРАФИКИЙН АППАРАТ АШИГЛАЛТАД ОРЖ ОНОШЛОГОО ХИЙХЭД БЭЛЭН БОЛЛОО
Аймгийн Нэгдсэн эмнэлэгт ЭМЯ-ны хөрөнгө оруулалтаар Компьютер Томографикийн аппарат ашиглалтад орж оношлогоо хийхэд бэлэн боллоо.
Тус аппарат нь хүний биед үүссэн эзлэхүүнт эмгэгүүд буюу хавдар, уйланхай, гэмтлүүд, тархины харвалтуудыг оношлоход онцгой чухал ач холбогдолтой. Аймгийн Нэгдсэн эмнэлэгт ашиглалтад орж байгаа 64 зүслэгтэй аппаратаар 0.8 мм ээс дээш хэмжээтэй эмгэгүүдийг илрүүлэх юм.
Шинжилгээг зөвхөн эмчийн заалтаар ерөнхий ба тодосгогчтой хэлбэрээр хийнэ гэдгийг эмнэлгийн зүгээс тодотгосон. Ингэхдээ ердийн оношлогоо 120 мянган төгрөг бол тодосгогчтой нь 270 мянган төгрөгний төлбөртэй байх бөгөөд ЭМД-д хамрагдсан иргэд 30 хувийг өөрөө төлж, үлдсэнийг ЭМД-аас гаргах ажээ. Харин өндөр настан, группийн, жирэмсэн, хүүхдээ асрах чөлөөтэй байгаа иргэд, хугацаат цэргийн алба хаагчдын төлбөрийг 100 хувь ЭМД-аас төлөх юм байна.
Аймгийн Засаг дарга Н.Лхагвадорж "Аймгийн Нэгдсэн эмнэлэгт ашиглалтад орж байгаа энэхүү КТГ аппарат олон үйлчлүүлэгчдийн Дархан, Улаанбаатар явах цаг хугацаа зардал мөнгийг хэмнэж, аливаа өвчнийг цаг алдалгүй оношилж эмчилж эдгээх, хүндрэлээс урьдчилан сэргийлэхэд ач тусаа өгөх учиртай" гэдгийг тэмдэглэн хэлээд эмч мэргэжилтнүүдэд ажлын амжилт хүслээ.