НҮДНИЙ ӨВЧЛӨЛИЙГ БУУРУУЛАХАД КАНАД ЭМЧ НАР ХАМТРАН АЖИЛЛАНА

Сэлэнгэ аймагт нүдний өвчлөлийг бууруулах урт хугацааны хөтөлбөр хэрэгжихэд Канад эмч нарын баг хамтран ажиллана. Тэд цаашид Сэлэнгэ аймгийн Нэгдсэн эмнэлэгтэй 5 жил хамтран ажиллахаар боллоо.

Улсын нэгдүгээр төв эмнэлэг /УНТЭ/ болон Канад улсад төвтэй "Laurel Surgical Foundation" олон улсын байгууллагын хамтарсан баг Сэлэнгэ аймагт ажиллаад буцлаа. Тэд өнгөрсөн зун 7-р сард хийсэн урьдчилсан үзлэгээр оношлогдсон нүдний болорын цайлттай 70, далавч хальсны эмгэгтэй 10, сормуусны буруу ургалт засах 1 нийт 80 гаруй иргэнд хагалгаа хийхээр төлөвлөн ажиллав.  

Энэ удаа Канад, Монгол эмч нарын үзлэгт дахин хамрагдсан иргэдээс 87 иргэн үнэ төлбөргүй нүдний хагалгаанд орлоо. Төслийн удирдагч, нүдний торлог-шилэнцрийн эмч, Нүд судлалын клиникийн дэд профессор Хью М.Парсонс:-“Бид цаашид олон жилээр гэрээний дагуу хамтран ажиллана. Энэхүү хамтын ажиллагааг өргөжүүлэхэд УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат, аймгийн ИТХ-ын Б.Нарантуяа, аймгийн Засаг дарга Н.Лхагвадорж, аймгийн НЭ-ийн дарга Ц.Эрдэнэчимэг нар маш их үүрэг гүйцэтгэж байна” хэмээв.

Энэхүү Канад-Монгол 23 хүний бүрэлдэхүүнтэй нүдний нарийн мэргэжлийн эмч нар энэ сарын 01-07-ны өдрүүдэд аймгийн төв Сүхбаатар суманд ажиллахдаа маш их завгүй ажилласан бөгөөд нэлээд хэдэн төвөгтэй мас заслуудыг хийсэн байна.