“СУРЛАГА, УРЛАГ, СПОРТЫН ОНЦГОЙ АМЖИЛТ ГАРГАСАН ОЮУТНУУДАД СЭЛЭНГЭ АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН НЭРЭМЖИТ УРАМШУУЛАЛ ОЛГОХ “ ЖУРАМ
Нэг. Нийтлэг үндэслэл
 
Онцгой авъяас, чадварыг хөгжүүлэх, урамшуулан дэмжих зорилгоор сурлага, урлаг, спортын амжилт гаргасан дотоодын магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургууль, коллежид Сэлэнгэ аймгаас суралцдаг оюутанд аймгийн Засаг даргын нэрэмжит урамшуулал олгоход энэ журмыг баримтлана.
 
Хоёр. Хамрах хүрээ
 
Дотоодын магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургуульд онц сайн дүнтэй суралцаж, нийгмийн идэвх санаачилга, урлаг, спорт, авъяас чадвараараа шалгарсан 2-оос дээш дамжааны 20 хүртэл оюутныг жил бүр хамруулна.
 
 
 
Гурав. Сонгон шалгаруулах үндсэн үзүүлэлт
 
1.Дотоодын магадлан итгэмжлэгдсэн их дээд сургуульд 3.5 аас дээш голч дүнтэй суралцаж байгаа
 
2.Мэргэжлийн чиглэлээр зохион байгуулагдсан улс, олон улсын, тив, дэлхийн тэмцээнд эхний 5-н байрт шалгарсан байх
 
3.Монголын оюутны спортын их наадам, Монголын оюутны аварга шалгаруулах тэмцээнд эхний 5-н байрт шалгарсан байх
 
4.Сургуулиудын эрдэм шинжилгээний хуралд илтгэл тавьж, эхний 5-н байрын аль нэгийг эзэлсэн
 
5.Улсын, олон улсын хэмжээний мэргэжлийн соёл, урлагийн уралдаан, наадамд эхний 5-н байрын аль нэгийг эзэлсэн
 
6.Нийгэм, олон нийтийн ажилд манлайлагч байх нь давуу тал гэж үзэх /аль нэг сайн дурын байгууллагын гишүүн, удирдагч нь байх/
 
7.Сэлэнгэ аймгийн уугуул иргэн, байнгын оршин суугч байх
 
Дөрөв.Урамшууллыг зарлах хугацаа
 
Жил бүрийн 10-р сарын 1-нээс олон нийтийн дунд нээлттэй зарлана. Аймаг, сумдын төр захиргааны байгууллагын зүгээс мэдээ, мэдээллийг хүргэнэ.
 
 
Тав. Бүрдүүлэх материал
 
1.Тухайн сургуулийнхаа сургалтын албаар баталгаажуулсан сурлагын тодорхойлолт
 
2.Уралдаан, тэмцээний өргөмжлөл, гэрчилгээний эх хувь
 
3.Иргэний үнэмлэхийн хуулбар / баталгаажуулсан байна/
 
4.Өргөдөл
 
5. Нийгэм, олон нийтийн ажилд манлайлагч гэдгийг нотлох сургуулийн захирлын тодорхойлолт
 
Зургаа.Материал хүлээн авах газар, хугацаа
 
Суманд:Урамшууллын хөтөлбөрт хамрагдахыг хүссэн оюутнуудын материалыг Сумдын ЗДТГ- т 11-р сарын 1-нээс 12-р сарын 01-ний хооронд хүлээн авч, аймагт жил бүрийн 12-р сарын 04-ний дотор хүргүүлнэ.
 
Аймагт: Сумдаас ирүүлсэн материалыг аймгийн Засаг Даргын Тамгын Газрын Нийгмийн хөгжлийн хэлтэс 12-р сарын 05-наас-12-р сарын 15-ныг хооронд хүлээн авна.
 
Долоо.Сонгон шалгаруулалтын үе шат
 
Сонгон шалгаруулалтыг 2 үе шаттай явуулна.
 
А.Эхний сонгон шалгаруулалтанд дараахь болзлыг хангасан байх шаардлагатай
 
1. Сэлэнгэ аймгийн уугуул иргэн, байнгын оршин суугч байх
 
2. Дотоодын магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургууль, коллежид 3.5 аас дээш голч дүнтэй суралцаж байгаа тухай сурлагын тодорхойлолт
 
Б.Дээрх 2 үндсэн шаардлагыг хангасан оюутны материалыг дараагийн шатны сонгон шалгаруулалтанд энэ журмын 3-р бүлэгт заасан бусад үзүүлэлтийг үндэслэн сонгон шалгаруулалтыг хийнэ.
 
Найм. Сонгон шалгаруулалтыг хийх
 
1.Аймгийн ЗДТГ-ын Нийгмийн хөгжлийн хэлтэс сумдаас ирүүлсэн материалыг дарааллаар нь бүртгэн авч, 12-р сарын 16-наас 12-р сарын 25-ны дотор аймагт сонгон шалгаруулалт зохион байгуулах бэлтгэл ажлыг хангана.
 
2.Сонгон шалгаруулалтыг хийх ажлын хэсгийг аймгийн Засаг даргын захирамжаар баталгаажуулна.
 
3.Өргөдөл, материалыг хүлээн авах хугацаанд багтаж, хүсэлтээ гаргасан оюутныг сонгон шалгаруулалтанд оруулна.
 
4.Аймгийн ажлын хэсэг ирсэн бүх материалыг задалж, анхан шатны ангилал хийх бөгөөд ажлын хэсгийн ирц 80-аас доошгүй хувьтай байна.
 
5.Журмын бүрдүүлэх материал хэсэгт дурьдсан материал дутуу бүрдүүлсэн, Сэлэнгэ аймгийн уугуул иргэн, байнгын оршин суугч байх, сурлагын дүнгийн үзүүлэлт шаардлага хангаагүй оюутныг эхний ангилалаар хасна.
 
6.Анхан шатны ангилал хийсний дараа ажлын хэсгийн гишүүд оюутан бүрийн материалыг нэг бүрчлэн үзэж, шалгуур тус бүрээр 0-5 оноо өгч үнэлнэ.
 
7.Ажлын хэсгийн нарийн бичгийн дарга гишүүн бүрээс өгсөн үнэлгээг нэгтгэж, дундаж оноог гарган, оюутныг авсан оноогоор байр эзлүүлэн жагсааж, гишүүдэд танилцуулна.
 
8.Ажлын хэсэг хамгийн дээд оноо авсан 20 хүртэл оюутныг аймгийн Засаг даргын зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэн захирамжаар баталгаажуулж, оюутнуудад мэдэгдэнэ.
 
Ес.Урамшууллын санхүүжилт
 
Аймгийн Засаг даргын нөөцийн сангаас жил бүр 20 хүртэл оюутанд урамшуулал олгох бөгөөд оюутан бүрт 200.0 мян төгрөгийг олгоно.
 
Арав. Урамшуулал олгох хугацаа
 
Жил бүрийн “Шинэ жилийн баяр”-ын өдрөөр урамшууллыг гардуулна.
 
Арав нэг. Бусад зүйл
 
1.Урамшуулалд хамрагдсан оюутны талаарх танилцуулгыг аймгийн вэб сайтад байршуулна.
 
2.Урамшуулал хүлээн авагч нь худал мэдээлэл өгсөн, хуурамч бичиг баримт бүрдүүлсэн тохиолдолд холбогдох хууль тогтоомжийн дагуу хариуцлага хүлээлгэнэ.
 
3.Урамшуулалд нэг удаа хамрагдах боломжтой
 
4.Шалгаруулалтын явцад гарсан маргааныг ажлын хэсэг холбогдох журмаар хянан шийдвэрлэнэ.