Сүхбаатар сумын 3-р сургууль хичээлийн шинэ байрандаа орлоо
09-р сарын 01-Хичээлийн шинэ жилийн баярын өдөр. Шинэ хичээлийн жилийн баярын энэ өдөр Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын ЕБ-ийн 12 жилийн 3-р сургууль 960 хүүхдийн шинэ байрандаа орж, давхар баяраа тэмдэглэлээ. Тус үйл ажиллагаанд аймгийн ЗДТГ-ын Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга Ж.Батсайхан, аймгийн БГ-ын дарга Д.Загдгочоо нар оролцлоо. 3-р сургуулийн хамт олон “Бага дунд боловсролын шинэчилсэн агуулга, стандартыг хэрэгжүүлж, сургалтын чанарыг сайжруулж, сургуулийн үйл ажиллагаанд эцэг, эх, олон нийтийг татан оролцуулах замаар сургуулийн үнэлэмжийг дээшлүүлж, нийгмийн эрэлт хэрэгцээнд нийцэхүйц, сургалтын таатай орчин бүрдүүлж, Зөв Монгол иргэдийг төлөвшүүлнэ” гэсэн зорилгыг үйл ажиллагааныхаа чиглэл болгожээ.
 
Сургуулийн захирал Ч.Баасанчулуун нээлтийн үеэр хэлсэн үгэндээ “Та бүхэндээ хичээлийн шинэ жилийн баярын мэнд хүргэе. Энэ шинэ хичээлийн жил манай сургуулийн 45 жилийн түүхэн дэх хамгийн гол баярт үйл явдал болж байна. Энэ маань 960 хүүхдийн суудалтай сургуулийн байрыг хүлээн авч анхныхаа хонхыг дуугаргаж, шинэ хичээлийн жилээ эхлүүлж байгаа баярт мөч юм. 2014-2015 оны хичээлийн жилд улс орон даяар хүүхэд бүрийг хөгжүүлэх, боловсролын чанарын хөгжлийн баталгаа болсон ийм хичээлийн жилд бид шинэ сургуульдаа орж байгаатай баяртай байна” хэмээсэн.
 
Аймгийн НХХ-ийн дарга Ж.Батсайхан:-“Эрхэм хүндэт багш сурган хүмүүжүүлэгчид, эцэг эхчүүд, сурагч хүүхдүүд та бүхэндээ хичээлийн шинэ жилийн баярын мэндийг хүргэе. Өнөөдөр манай Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын ЕБ-ийн 3-р 12 жилийн сургуулийн хувьд түүхэн онцлог үйл явдал болж байна. Энэ бүхнийг бий болгохын төлөө маш олон хүний хичээл зүтгэл гарч ажилласан. Мөн 960 хүүхдийн хичээлийн байрыг бариулахад өөрийн санал санаачлага, идэвхи оролцоогоо дайчлан ажилласан захирал Ч.Баасанчулуунд баярлалаа гэж хэлье. Шинэ хичээлийн байрандаа хэдийгээр өнөөдөр 330 гаруй хүүхэд сурч байгаа ч тун удахгүй 1000 гаруй сурагчидтай, эрдмийн их уурхай болно гэдэгт итгэл дүүрэн байна. Эрдэм боловсролтой, хүмүүжилтэй, зөв хүүхэд төлөвшин гарна гэдэгт итгэж байна. Та бүхэндээ амжилт хүсье” гэлээ.
 
Аймгийн БГ-ын дарга Д.Загдгочоо:- “Эцэг эхчүүд, багш сурган хүмүүжүүлэгчид, үе үеийн ахмад багш нар, хүүхэд багачууд та нартаа эрдмийн их баярын өдрийн мэндийг хүргэе. Өнөөдөр танай сургуулийн түүхэнд тэмдэглүүштэй түүхийн нэгэн хуудас нэмэгдэж байна. Энэ сургуулийн хүүхдүүд удахгүй анги танхимдаа багтахгүй өнөр, хичээл, сурлагаараа улсдаа манлайлсан хүүхдүүд болно гэдэгт итгэл дүүрэн байна. Та бүхэн маш ховор азтай хүүхдүүд юм. Сурагч байх хугацаандаа тэр бүр шинэ сургуульд орж суралцах явдал ховор аз завшаан байдаг. Өнөөдөр шинэ сургуулийнхаа нээлтэнд оролцож байгаа та бүхэндээ ажил үйлсээрээ аймаг, улсдаа тэргүүлсэн сайхан сургууль болохын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье. Танай сургуулийн хамт олныг маш ажилсаг хамт олон гэж би дүгнэж явдаг. Та бүхэндээ сурлага, урлагийн өндөр амжилт хүсэн ерөөе” гэлээ.