Сэлэнгэ аймгийн хэмжээнд улаанбурхан өвчний эсрэг нэмэлт дархлаажуулалтыг 2016 оны 5-р сарын 12-25-ны өдрүүдэд “Улаанбурханы эсрэг хамтдаа” уриан дор зохион байгуулах тухай аймгийн Засаг даргын А/116 тоот захирамжийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд баталсан төлөвлөгөөний дагуу аймгийн зорилтот бүлгийн 18-30 насны залуучуудыг улаанбурхан-улаануудын эсрэг вакцинаар 14 хоногийн хугацаанд дархлаажуулах үйл ажиллагааг удирдлага, мэргэжил арга зүйгээр хангах ажлыг зохион байгуулах зорилгоор аймгийн Онцгой комиссын гишүүдийн хуралдаан өнөөдөр аймгийн Засаг даргын хурлын танхимд боллоо. Тус хуралдаанд аймгийн ЗДТГ-ын Төрийн захиргаа удирдлагын хэлтсийн дарга С.Отгонжаргал, Хууль зүйн хэлтсийн Д.Ёндонжамц, Цэргийн штабын дарга, хурандаа А.Бүрнээбаатар, ЭМГ-ын дарга Ж.Од, БСГ-ын мэргэжилтэн н.Алтантуяа, Хөдөлмөрийн хэлтсийн дарга Л.Зоригтбаатар нар оролцлоо. Энэ үеэр аймгийн ЭМГ-ын газраас улаанбурхан өвчлөлийн өнөөгийн байдлаар мэдээлэл өгсөн. Энэхүү өвчний эсрэг вакциныг түгээх, дархлаажуулах үйл ажиллагааг аймгийн Онцгой комиссын удирдлага дор зохион байгуулан явуулах бөгөөд аяны үйл ажиллагааны тайланг 5-р сарын 25-ны дотор бичгээр буюу цахимаар аймгийн ЭМГ-т ирүүлж, төлөвлөгөөний хэрэгжилтийн тайланг энэ сарын 30-ны дотор аймгийн Онцгой комисст ирүүлэх юм байна.
Сэлэнгэ аймгийн хэмжээнд 2016 он гарсаар улаанбурхан өвчний 1044 тохиолдол бүртгэгдээд байгаа аж. Эдгээрийн дотроос бага насны хүүхэд буюу товлолт вакцины нас болоогүй 1 хүртэлх насны хүүхдийн өвчлөл 26.2 хувийн эзэлж байгаа аж. Үүнээс он гарсаар 0-1 насны 261 хүүхдийн өвчлөл бүртгэгдсэнээс 50 хувь нь хүндэрч, 10 нас баралт бүртгэгдэж, 126 хүүхэд хүнд байдлаас гарч эдгэрсэн байна.