“Дэд бүтцийн хяналтад-Таны оролцоо” сарын аяны нээлт болов

Өнөөдөр “Дэд бүтцийн хяналтад-Таны оролцоо” сарын аяны нээлт боллоо. Нээлтийн ажиллагаанд аймгийн Засаг дарга Ш.Оргил, ЗДТГ-ын дарга Ө.Сувдаа, ЗДТГ-ын НБХ-ийн дарга Ж.Батсайхан, МХГ-ын дарга Ж.Отгонхүү, ГХБХБГ-ын дарга Б.Саруултөгс, Сүхбаатар сумын Засаг дарга Т.Гантулга нарын албаны хүмүүс, “Сэлэнгэ барилга захиалагч”ОНӨУҮГ, “Дархан Сэлэнгийн Цахилгаан Түгээх Сүлжээ”ХК-ий Сүхбаатар салбар, “Сэлэнгэ Энерго”ОНӨААТҮГ, “Урсгал ус”ХХК, УБТЗ-ын Сүхбаатар депо, “Мэдээлэл холбоо сүлжээ”ТӨХК, “Сэлэнгэ АЗЗА”ХК, Авто тээврийн төв, “Дашваанжил”ХХК, барилга угсралт, барилгын үйлдвэрүүд,төр төсвийн аж ахуйн нэгжүүд оролцлоо.  

Барилгын ажлын улирал эхэлж байгаатай холбогдуулан дэд бүтцийн салбарын барилга байгууламж, өргөх механизм, авто зам, замын байгууламж, авто техникийн хэмжил зүй, инженерийн шугам сүлжээний агааржуулалт, бохир ус зайлуулт, цахилгаан, дулаан, хий, цэвэр ус хангамжийн засвар үйлчилгээ, ашиглалт угсралт гээд бүхий л төрлийн ажлыг холбогдох хууль стандарт, норм дүрмийн шаардлагад нийцүүлэн хийх, иргэдэд дэд бүтцийн салбарын хууль тогтоомжоор олгогдсон эрх, хариуцлагын чиглэлээр мэдээллээр хангах, иргэд аж ахуйн нэгж байгууллагыг газар хөдлөлтийн гамшгаас хамгаалах, болзошгүй осол аваараас урьдчилан сэргийлэхэд чиглэсэн зөвлөн туслах урьдчилан сэргийлэх хяналт шалгалтыг зохион байгуулах МУ-ын ЗГ-ын 2011 оны 311 дүгээр тогтоолоор батлагдсан аж ахуйн нэгж байгууллагын үйл ажиллагаанд дотоод хяналт шалгалтыг зохион байгуулах нийтлэг журмын хэрэгжилтийг хангуулах зорилгоор энэхүү аян зохион байгуулагдаж байна.

Сарын аяныг нээж аймгийн Засаг дарга Ш.Оргил хэлэхдээ:-”Иргэдийнхээ саналыг сонсож, төр захирграаны болон мэргэжлийн байгууллагуудын оролцоо, ажлын хариуцлага, уялдаа, дотоодын хяналтыг дээшлүүлж ажиллахыг хүсье. Иргэд хариуцлагатай, хийсэн ажилд хяналттай, аж ахуйн нэгж байгууллага дотоод үйл ажиллагаандаа хяналт тавьж, алдаа дутагдлаа дор бүртээ арилгаснаар эрсдэлд өртөхгүй эрүүл аюулгүй нийгэм, хот, тогтолцоог бүрдүүлнэ гэж үзэж байна. Сарын аяны хүрээнд тодорхой үр дүнд хүрсэн ажлыг зохион байгуулахыг МХГ болон хамтран ажиллах байгууллагууд, нутгийн захиргааны удирдлагууддаа хүсье. Хяналтыг өөрсдөөсөө эхэлцгээе” гэлээ.  

Аяны нээлтэнд оролцсон аж ахуйн нэгж байгууллагууд хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны хувцасаар жигдрэн, сүүлийн үеийн тоног төхөөрөмж багаж хэрэгслээ танилцууллаа. “Мэдээлэл холбоо сүлжээ”ТӨХК үзүүлэх сургуулилт сонирхуулав. Мөн дэд бүтцийн салбарын байгууллагуудын удирдлага, инженерүүдийг хамруулсан уулзалт ярилцлага зохион байгуулагдлаа.