Сүхбаатар сумын Засаг дарга Т.Гантулга: Одоо бидэнд ажиллах л үлдсэн, юу дутлаа гэх вэ

Сүхбаатар сумын Засаг дарга Т.Гантулга: Одоо бидэнд ажиллах л үлдсэн, юу дутлаа гэх вэ

Та ажлаа аваад хэдэн сар болчихжээ. Дөнгөж саяхан найман багийнхаа иргэдтэй уулзаж, санал бодлыг нь сонслоо. Иргэд маань юуг чухалчилж байна вэ?

-Би Сүхбаатар сумын Засаг даргын үүрэгт ажлыг аваад таван сар болж байна. Мөрийн хөтөлбөр, Үндсэн чиглэлээ боловсруулахдаа иргэдээсээ телевиз радио, цахим хэлбэрээр зар явуулж саналыг нь авсан. Сар шинийн өмнө ахмадуудаа хүлээн авч гарын бэлэг гардуулж байх үед тэд маань маш их санааг хэлсэн. Тухайн үед уулзаж, ярилцах боломж нөхцөл нэг л бүрдээгүй учир дараагийн удаа иргэдтэйгээ, ахмадуудтайгаа нэг сайхан ярилъя гэж төлөвлөсөн юм. Ингээд Сүхбаатар сумынхаа багуудаар явж иргэдтэйгээ уулзлаа. Энэ уулзалтанд хүн бүр ирэх боломжгүй ч гэсэн ямар нэг асуудалтай түүнийгээ шийдвэрүүлье гэсэн, өөрийн санаа оногоо хэлэх сонирхолтой, шинэ Засаг даргыгаа харъя гэсэн хүмүүс ирдэг юм байна. Найман багийн 600 гаруй хүнтэй уулзлаа. Иргэдээс маш олон төрлийн асуудал ирж байна. Бидний шийдчихээр ч асуудлууд байна. Бидний сонсоогүй асуудал ч байна. Дээд шатны байгууллагуудруугаа уламжлах асуудлууд ч байна. Одоо бид эрэмбэлж байна. Асуудал бүрийг шийдэхийн төлөө ажиллана. Энэ онд Сүхбаатар сумын 80 жилийн ой болох гэж байгаатай холбогдуулан иргэд маань нилээдгүй санаа оноог бидэнд хэллээ. Мөн ахмадын байгууллагынхаа төлөөлөлтэй уулзлаа. Манай ахмадууд маш олон ажил хийхээр санал санаачлага гаргаж үнэхээр урам зориг эрч хүч дүүрэн байгаад баяртай байна. Ахмадуудтайгаа хамтарч ажиллана.

-Сүхбаатар хотын  түүхт 80 жилийг ойг тэмдэглэх тов гарчихсан. Иргэд маань ч ихээхэн хүлээлттэй байгаа. Аймгийн төв гэдэг үүднээс ч тэр. Сүхбаатар гэдэг том сумын хувьд ч тэр. Та бүхэн бүхэн маань түүхэн ойгоо угтаад ямар ажлуудыг хийхээр төлөвлөж байна вэ?

-80 жил гэдэг багагүй хугацаа. Энэ түүхт ойгоо угтаад хийх ажлынхаа төлөвлөгөөг боловсруулчихсан байгаа. Ирэх долдугаар сарын 28-30-ны өдрүүдэд ойгоо тэмдэглэн өнгөрүүлнэ. Нутгийн зөвлөлийн иргэдтэйгээ холбогдож байна. Түүхэн ойдоо зориулсан ном, сэтгүүл хэвүүлэхээр төлөвлөж байгаа. Бэлтгэл ажилдаа хүмүүс маань орчихсон явж байна. Улаанбаатар, Дархан-Уул, Орхон аймгуудад байгаа нутгийн зөвлөл, уугуул суугуул иргэдтэйгээ уулзахаар төлөвлөөд байна. Сүхбаатар хотод төрж өссөн, ажиллаж амьдарч байсан, амьдралынхаа гарааг эхэлсэн, эрч хүчтэй насаа өнгөрүүлсэн, ярих түүх ихтэй бүхий л хүмүүсээ бид урилга өгч ойдоо оролцуулна гэж зорьж байна. Ойдоо зориулан дууны шүлгийн уралдаан, түүхэн ховор гэрэл зургийн уралдааныг зарлаад байгаа. Тэдгээр сайхан зурагнуудаа ойн сэтгүүлдээ гаргах юм. Хэн нэгэн айлын альбомонд хадгалагдаж байхаасаа илүүтэйгээр түүхт ойн сэтгүүл, номд орвол илүү их хүртээмжтэй юм болов уу гэж бодож байгаа. Мэдээж манай ард иргэдэд аав ээжийнх нь, эмээ өвөөгийнх нь түүх хадгалсан ховор сайхан зурагнууд олон байгаа гэдэгт итгэлтэй байна.

-Өмнөх түүхэн ойгоо тэмдэглэсэн газруудын сайн туршлагаас харж байхад цэвэр тохилог орчин бүрдүүлсэн байгууллага, баг хороо, айл өрх гэх мэтийг шалгаруулсан байдаг. Энэ мэт эргээд хэн хэндээ эерэг сайхнаар үлдэх ямар ажлыг хийнэ гэж төлөвлөсөн бэ?

-Тийм ээ. Дөрөвдүгээр сар гарахаар цас хайлж дуусах байх. Газрын өнгө сэргэж урин цаг ч ирж байна. Хамгийн түрүүнд хогондоо гарна. Сургуулийн захирлуудтайгаа тохирсон. 6-р ангиас дээш бүх ангийн хүүхдүүдийг хог цэвэрлэх ажилд оролцуулна. Ямар ч хоггүй хот болно. Хоггүй орчинд амьдарна гэдгийг хүүхдүүддээ ойлгуулна. Миний үед хүүхэд байхаасаа л хог шорооны ажлаас эхлээд бүхий л юманд оролцдог байсан. Тэглээ гээд муудсан зүйл огт байхгүй. Хүүхдүүдээр хог цэвэрлүүлснээр хог гэдэг чинь эргээд ийм том ажил болдог юм байна. Хог хаях хэрэггүй юм байна шүү гэдэг сэтгэхүйг багаас нь суулгаж өгөхийг зорьж байгаа юм. Байгууллага, аж ахуйн нэгжүүдийнхээ дунд орчин тойрноо цэвэр цэмцгэр байлгах, өнгө үзэмжтэй болгох, нэр хаягаа өнгө зүс сайтай тодорхой болгох тал дээр уралдаан зарлая гэж ярилцаж байна.

-Сүхбаатар суманд маань “Хөгжлийн хөтөч дэд бүтцийн төсөл” хэрэгжихээр болсон. Энэ төсөл хэрэгжсэнээр гудамж зам талбай орчин үеийн стандартад нийцсэн үнэхээр сайхан болох юм билээ. Төслийн талаар...?

-Энэ төсөл манай суманд хэрэгжинэ. Төслийн хүмүүс ирээд бодит байдалтай танилцаж судалгаагаа хийгээд явсан. 5.9 км замыг тохижуулж, явган хүний зам, дугуйн зам, зүлэг, ногоон байгууламжтай болгохоор төлөвлөсөн байгаа. Бүх нарийн хэмжилтээ хийгээд явчихсан. Одоо нарийвчилсан зурагны ажилдаа орж байгаа.

-Та бүхний 2017 онд хийхээр төлөвлөсөн иргэдрүүгээ чиглэсэн, онцлох ажлаас...?

-Ш.Оргил даргын маань хөөцөлдлөгөөний үр дүнд хийгдэхээр болсон 50 мвт-ын Дулааны цахилгаан станцын ажил байна. Энэ станц маш олон давуу талыг манай иргэдэд авчирна. Халаалтын үнэ буурна. Цахилгааны үнэ байна. Үйлдвэрлэл үйлчилгээ явуулахад нилээд тохиромжтой болох боловуу гэж харж байгаа. Ажлын байр нэмэгдэнэ. Сая иргэдтэй уулзаад явж байхад 3-р багийн 80 гаруй айл нэгдчихсэн. Бид дулаанаа татуулмаар байна гэж хэлж байна. Яагаад Салхитын ам руу дулаан хүрэх боломжгүй байна гэхээр одоогийн станцын хүчин чадал тэр өндөрлөг рүү дулааныг шахаж хүргэж чаддаггүйтэй холбоотой. Харин энэ том станц ашиглалтанд орсноор айл өрхүүд маань нэгдээд дулаанаа татуулахаар болвол дулаан хүрэх тэр боломж нээгдэж байгаа гэж бид харж байгаа. Иргэд маань нэгдээд манай энэ баг руу, гудамж руу татаад өгөөч гэхэд боломж бүрдэнэ гэж хүлээж байгаа.

-Сүхбаатар сум маань маш бага газар нутагтай. Иргэд маань Алтанбулаг, Шаамар сумд руу очиж газартай холбоотой асуудлаа шийдүүлдэг...?

-Газрын холбоотой асуудал маш ихээр яригдаж байна. Манай сум 388 малчин буюу мал бүхий иргэдтэй. Иргэд маань малтай байхын тулд, хадлангаа бэлдэхийн тулд нөхөр нь Зүүнбүрэнгийн харъяат, эхнэр нь Сүхбаатар, эхнэр нь Алтанбулагийн харъяат, нөхөр нь Сүхбаатар гэх мэтээр хоёр суманд данстай явж байна. Бүх иргэдээс энэ асуудал ирж байна. Газар нутгаа тэлүүлж өгөөчээ. Дээш нь уламжилж өгөөчээ. Санал тавиачээ гэж. Энэ асуудлыг холбогдох дээд шатны удирдлагууддаа танилцуулж, санал оруулж иргэддээ нааштайгаар шийдэхийн төлөө явна.   

-Энэ том сумыг удирдана гэдэг амаргүй. Залуу хүний хувьд энэ бүрэн эрхийнхээ хугацаанд хийхээр төлөвлөсөн ажлууд олон байгаа. Мөрийн хөтөлбөрийнхөө онцлогийг, түүнд багтсан гол гол ажлуудаасаа тоймлон хэлвэл...?

-Мөрийн хөтөлбөрт маань олон ажил төлөвлөгдсөн. Энэ жил төмөр замын байруудыг хэрэглээний халуун устай болгоно. Барилгын 24-р байранд хэрэглээний халуун усыг оруулна. Орцных нь гэрэлтүүлгийг шийднэ. Барилгын 24, 27-р байруудыг СӨХ-д хамруулах асуудлыг ярилцаж байна. Сумын хэмжээний гэрэлтүүлэг, камержуулалтын ажлуудыг орлогч дарга маань хөөцөлдөөд явж байна. Цахилгаан бага хэрэглэдэг лэд гэрэлтэй болгоно.

-Багийн дарга нар шинээр сонгогдлоо. Шинэ дарга нартаа ямар чиглэл өгсөн бэ?

-Манай 8 багаас 6 багийн Засаг дарга томилогдоод ажиллаж байна. Ихэнх нь залуучууд байгаа. Бүх дарга нартаа иргэдтэйгээ уулзаж, санал бодлыг нь сонсож, нарийвчилсан судалгааг гаргаж, цаг ямагт иргэдтэйгээ ойр ажиллах үүргийг өгсөн. Одоо бидэнд ажиллах л үлдсэн. Юу дутлаа гэхэв. Аймгийн дарга маань аймгаа, сум орон нутгаа хөгжүүлэхийн тулд маш их анхаарал тавин ажиллаж байгаа.

-Сүхбаатар сум бусад сумдтай харьцуулахад газар тариалан гэж байхгүй. Газар нутаг бага. Аймгийн төв гэдэг л давуу талтай харагддаг...?

-Тийм ээ, бусад сумдтай харьцуулахад онцлогтой. Хүм амын төвлөрөл ихтэй. Газар нутаг багатай. Байгалийн баялаг байхгүй. Газар тариалан байхгүй. Мал аж ахуй бага. Энд төрж өссөн, сургууль соёлоо төгсөөд явсан олон иргэд байдаг. Сайн сайхан амьдарч яваа нутаг орныхоо төлөө сэтгэл зовниж байдаг, юу хийхэв, манай нутаг ямар байна гэсэн хүмүүс багагүй байна. Гадаадаас хүртэл хүмүүс холбогдож байна. Авто машин мотоциклийн Дрифтийн холбоо гэж байдаг юм байна. Энэ холбооны дарга Амгалан гэж ах надтай ярьсан. Олон хотын нэрэмжит дрифтын тэмцээнийг ойгоороо хийе гэж. Одоо ажлаа судлаад явж байгаа. Сүхбаатар хотын албан байгууллага, аж ахуйн нэгжүүдийн ажилчид маань 1 өдрийнхөө цалинг ойдоо хандивлая гэж санал гаргаж байна.Цэцэрлэг, сургуулийн захирлууд бид нар юу хийхэв, яаж ажиллахав гээд эхнээсээ цэцгийн үр суулгацыг хандивлаж байна. Талбайгаа, Цагаан-Эрэг, Гэрэлт хөшөө цогцолбороо цэцэрлэгжүүлье гэсэн маш сайхан өөдрөг сэтгэлтэй, зүтгэлтэй байгаад талархаж байна.

-“Гэрэлт хөшөөг” сайхан тордох хэрэгтэй гэж үнэн шүү...?

-Аймгийн дарга энэ 4 жилд том бүтээн байгуулалтыг хийнэ гэхээсээ илүүтэйгээр өмнө нь хийсэн ажлаа сэргээн засварлана. Өөд нь татна. Өнгө үзэмжийг нь сайжруулна гэж хэлсэн байгаа. Тиймээс бид нар цэнгэлдэх хүрээлэнгээ орчин үеийн хөлбөмбөгийн зүлэгтэй болгохоор ажил нь намар эхэлсэн. Одоо дулаан орохоор үргэлжилнэ. Дээвэр саравчийг нь шинэлчилнэ. Наадам болоход сайхан болгосон байхаар зорьж байна. Гэрэлт хөшөөгөө ч гоё болгоно. Өнгө үзэмжийг нь сайжруулна. Бидэнд ярилцсан юм багагүй байна. Дулаан орохоор ажил нь эхэлнэ. Цагаан-Эрэг цогцолборынхоо өнгө үзэмжийг ч сайжруулна. Цэцэрлэгийн эрхлэгчид бид нар Цагаан-Эрэг цогцолбороо цэцэрлэгжүүлнэ гээд уриалга гаргачихсан явж байгаа.

-Сүүлийг зайг танд үлдээе?

-Сүхбаатар хотын 80 жилийн ой гэдэг бол дан ганц энд сууж байгаа бидний ажил биш. Хүн бүр эрвийх дэрвийхээрээ зүтгэж, сэтгэл зүтгэл гаргаснаар бид бүхэн ойгоо өргөн дэлгэр сайхан тэмдэглэн өнгөрүүлнэ гэдгийг Сүхбаатарчууддаа хэлээд хамтарч ажиллахыг уриалж байна. Энэ нутагтай ажил амьдралаараа холбоотой, төрж өссөн, уугуул, суугуул бүх хүмүүсээ түүхт ойдоо хүрэлцэн ирэхийг урьж байна.