Хүссэн үедээ усаа авах боломж бүрдлээ

Хүссэн үедээ усаа авах боломж бүрдлээ
Өнөөдрөөс эхлэн Сүхбаатар сумын 6-р багт байрлах манайхны ярьж заншсанаар Шүүхийн арын 60 айлын худаг “Ухаалаг” системд шилжиж 24 цагийн турш ажиллагаатай худаг болж байна. 60 айлынхны хувьд халаалт дулаан, дахин төлөвлөлт гээд томоохон ажлууд хүлээлттэй байгаа тул Сэлэнгэ аймгийн Засаг дарга Ш.Оргил өөрийн биеэр очиж 60 айлын иргэдэд дахин төлөвлөлт, халаалт дулааны талаарх асуудлаа хэрхэн хэрэгжүүлж байгаагаа танилцууллаа. Тэрээр: “60 айлын хувьд дахин төлөвлөлт, халаалт дулааны асуудал хамгийн түрүүнд тавигдаж байгаа. Бид үе шаттайгаар энэ асуудлыг шийднэ. Миний хувьд ажил аваад хамгийн түрүүнд хөөцөлдсөн ажил бол шинээр дулааны цахилгаан станц барих асуудал. Энэ ажил маань тодорхой үе шаттайгаар эрчимтэй сайн явагдаж байна. Шинэ станц ашиглалтанд орсноор 60 айл төдийгүй Сүхбаатарчууд маань бүгд ашиг тусыг нь хүртэнэ” гэв.
Харин 60 айлын иргэдийн хувьд хүссэн үедээ хэн нэгнээс хамааралгүй усаа авах боломж ийнхүү бүрдлээ. Энэхүү худгийн төхөөрөмжийг монгол инеженерүүд хийсэн нь сайшаалтай. Тоног төхөөрөмжийг гүйцэтгэгч “HTL”ХХК-ийн захирал С.Отгонбаяр усны картыг хэрхэн уншуулах талаар иргэдэд заавар зөвлөгөө өгч, компаниас эхний ээлжинд олгож байгаа 300 ширхэг картыг хүлээлгөн өглөө.