ЦАГААННУУР СУМ ХАТУУ ХУЧИЛТТАЙ 1,3 КМ АВТО ЗАМТАЙ БОЛЛОО

Энэ сарын 22-ны өдөр Цагааннуур сумын төвийн хатуу хучилттай 1,3 км авто замын нээлтийн үйл ажиллагаа болж, аймгийн Засаг дарга Ш.Оргил, аймгийн БСУГазрын дарга Ч.Жаргалсайхан, сумын ИТХ-ын дарга Х.Нацаг, Засаг дарга Б.Баярхүү, “Сэлэнгэ Есөн эрдэнэ” ХХК-ийн захирал Ж.Хашбаатар нарын албаны хүмүүс оролцлоо. Нээлтийн үеэр аймгийн Засаг дарга Ш.Оргил Шаамар сумаас Түшиг чиглэлийн 4 сумыг холбосон 110 км засмал замын асуудлыг өөрийн бүрэн эрхийн хугацаанд эцэслэн шийдвэрлэнэ гэдгээ хэллээ. Энэ үеэр хатуу хучилттай 1,3 км авто замыг хийж гүйцэтгэсэн “Сэлэнгэ Есөн эрдэнэ” ХХК-ийн захирал Ж.Хашбаатарыг Цагааннуур сумын “ХҮНДЭТ ТЭМДЭГ”-ээр шагнаж урамшууллаа. Мөн боловсролын байгууллагат ажиллаж байгаа 4 хүнд “СЭЛЭНГЭ-25” орон сууцнаас 5 жилийн хүүгүй, урьдчилгаа төлбөргүй, сар бүр тогтмол зээл төлөх журмаар шинэ байр олгохоор шийдвэрлэж нээлтийн өдөр 2 багшид байрны түлхүүрүүдийг гардуулан өглөө. Аймгийн Засаг дарга Ш.Оргил сумын Нарлаг цэцэрлэг болон Эрдэнэ Чинван Намсрайн нэрэмжит ерөнхий боловсролын сургуулийн үйл ажиллагаатай танилцлаа.