ДӨРВӨН СУМЫН 20 ГАРАН МЯНГАН ИРГЭДИЙН МӨРӨӨДӨЛ ХАТУУ ХУЧИЛЛТАЙ ЗАМ ХЭЗЭЭ ТАВИГДАХ БОЛ...?

Намар цаг нараараа нэг гайхуулж, хур цасаараа бас нэг гайхуулж өнгөө харуулна. Ийм л нэг сэрүү татсан ч ажил ундарсан үеэр Шаамараас Түшиг хүртэлх 4 сумыг холбосон сайжруулсан шороон замаар явлаа. Намрын ургац, хадлангийн тээвэр тасралтгүй үргэлжилж хүн зон цаг хугацаатай уралдан байгаа нь илхэн байв. 118 км зайнд үргэлжлэх тус зам Шаамар, Зүүнбүрэн, Цагааннуур, Түшиг гэсэн 4 сумыг холбосон цорын ганц төв зам нь. Мөн нөгөөтэйгүүр энэ бүс нутгийн ард иргэдийн хэзээ хатуу хучилттай засмал зам болчих бол гэсэн их хүлээлтийг оноос он дамжуулан хадгалсаар ирсэн “шүдний өвчин” нь. Жилийн дөрвөн улиралд энэ л замаар явах иргэдийн, тээврийн цуваа тасрахгүй тул элэгдэл хорогдолд орж олон жилийг элээсээр л. Үгээр хэлэхэд ч бэрх болчихсон байсан замыг Л.Ганболд даргатай “Сэлэнгэ АЗЗА”-ийн хамт олон хусаж сайжруулан ургац тээвэрлэлтэнд бэлэн болгосноор өнөөдөр харьцангуй гайгүй байна. Жилдээ намрын ургацаар л ингэж нэг арай дээрддэг. Хуссаар байгаад 30-40-өөд см доошилж газар нь суужээ. Энэ бүс нутгийнхан манай “буянтай зам” гэж нэрлэнэлээ. Энэ нь УИХ-д өрсөлдсөн хүн бүр танай замыг хар зам болгоно оо гэж амладагтай холбоотой аж. Нэлээд хэдэн гишүүнийг бүс нутгаасаа гаргасан ч өнөөдөр зам нь бахь байдгаараа л байна. Хичнээн сайхан хусаж янзаллаа ч бороо, цас, удаа дараагийн машины явалт зэргээс болоод тэр дорхноо эвдэрчихдэг. Эвдрэлд орсон зам иргэдэд сайн сайхныг дагуулна гэж юу байхав. Машин тэрэгний эвдрэл, будаа, хадлангийн хаягдал, хугацаа алдалт гээд харин ч нэг сөрөг талыг ар араасаа дагуулж өгнө. Энэ бүхнээс болж энэ бүс нутгийнхан эдийн засгийн багагүй хохирлыг он жилийг дамнуулан амссаар л явна. Хүн ардаа бодож, нөхцөл байдлыг нь сайжруулан эдийн засаг, цаг хугацааны хэмнэлт гаргах ганцхан гарц нь хатуу хучиллтай хар замтай болох гэж уулзсан хүн нэг бүр учирлан ярьж байсныг тэмдэглэн хэлэхийг хүслээ. Төр засаг хараандаа авч түмэн олны хүсэл биелэх өдөр удахгүй гэж найдъя. Уулзаж ярилцсан зарим иргэдийн санаа бодлыг тоймлон хүргэе.

Зүүнбүрэн сумын Засаг дарга Х.Бадрал: ЭНЭ ЗАМЫГ АНХ ТАВЬСНААС ХОЙШ АЙМАГ МААНЬ Л ӨӨРӨӨ ХУСАЖ ЗАСАЖ БАЙГАА БОЛОХООС  УЛСААС ДОРВИТОЙХОН ТӨСӨВ ТАВИАД ЗАСААГҮЙ  ШҮҮ ДЭЭ         

Зүүнбүрэн сумыг дайран өнгөрсөн төв зам маань маш их муудсан. Жил бүр хусаж янзалсаар байгаад байгаа түвшнээсээ доошоо орж суусан учраас зуны бороотой улиралд их ус тогтдог, машин тэрэг эвдэрдэг. Сумын дундуур явдаг учраас тоосжилт маш их. Дэржигнүүртэй зам дээр бид нар аймгийн төв орохын тулд 1,30 цаг явж байна. Хусаад сайжруулчихсан үед нь 30-40 минут явдаг. Бензин шатахуун, элэгдэл хорогдол, машины техникийн эвдрэл их. Үнэхээр зайлшгүй засаж янзлах шаардлагатай болоод байна. Түвшнээсээ доошоо их сууснаас болж өвөл цас хунгарлаж зарим газартаа машин суудаг. Нэг нэгнээ татах, ухах гээд иргэдэд хүндрэлийг байнга учруулдаг. Ургацын зам учраас ургац хаягдал байнгын гардаг. Зүүнбүрэн сум 1000 гаран га-д тарвас тариалсан. Энэ дэржигнүүртэй зам дээгүүрээ яваад улных нь хэсэг бүгд хагараад очдог. Энэ бол иргэдийн тарьсан бүх л зуны хөдөлмөр тэр чигтээ устаж байна гэсэн үг. 20-30 хувь нь хагараад очдог. Энэ бүхэн бол иргэдийн цаашдын амьдралд үнэхээр их сөрөг нөлөөг өгч байгаа. Улсын хэмжээнд яригддаг ч шийдэгдсэн юм алга. Энэ замыг анх тавьснаас хойш аймаг маань л өөрөө хусаж засаж байгаа болохоос биш улсаас дорвитойхон төсөв тавиад засаагүй зам шүү дээ.

Жолооч Баярсайхан: БОРОО ОРЧИХВОЛ Ч ЕР НЬ ЯВУУЛАХГҮЙ ШҮҮ ДЭЭ, ЁСТОЙ ХЭЦҮҮ

Зам харгуй муугаас болж хугацаа их алдаж байна, будаа их савирч байна. Энэ замыг засмал болгочихвол маш сайхан байна. Будаа ч цаг хугаацаандаа очно. Замын асуудал үнэхээр хүнд байна. Сая харин хусаж янзлаад гайгүй болчихсон байна. Би 8 жил тээвэрт явж байгаа. Одоо Цагааннуураас Дарханы Өег гурилын үйлдвэр хүртэл явна. Бороо орчихвол ч ер нь явуулахгүй шүү дээ, ёстой хэцүү. Хусаагүй үед нэг удаагийн эргэлтэндээ  бүтэн 24 цаг явдаг. Машин тэрэг эвдэрч саатал их гарна. Засмалтай болж байж л будааны тээвэрлэлт хурдан шуурхай, машин тэргэнд ч гамтай байх болно.  

 

Цагааннуур сумын Засаг даргын орлогч Н.Зоригоо: ЭНЭ ЗАМЫГ ХАТУУ ХУЧИЛТТАЙ БОЛГОХ ЮМ БОЛ БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ, ТЭЭВЭРЛЭЛТ, БОРЛУУЛАЛТЫН АЖИЛ МАШ ИХ ХӨНГӨРНӨ

Манай сум жилдээ 30-50 мянган тонн үр тариа хураан авч, Сэлэнгэ аймгийн ургацын 40, улсын ургацын 30 гаруй хувийг хангадаг. Мөн 12.5-15.0 мянган тонн хадлан тэжээл, 25-40 мянган тонн төмс, хүнсний ногоо, 170-200 тонн ХАА-н гаралтай бүтээгдэхүүн үйлдвэрлэн гаргадаг. Манай сум аймгийн төвөөс 95 км зайд алслагдсан. Манай сумыг дайран өнгөрдөг Түшиг, Шаамарын чиглэлийн 118 км замыг хатуу хучилттай болгох юм бол бүтээн байгуулалт, тээвэрлэлт, борлуулалтын ажил маш их хөнгөрөх болно.


Улсын хоёр удаагийн аварга, Цагааннуур сумын “Атар трейд” ХХК-ийн захирал, Монгол Улсын гавьяат агрономич Ө.Чимэддорж: ЭНЭ ЗАМААР УЛСЫН УРГАЦЫН 30 ОРЧИМ ХУВЬ, СЭЛЭНГЭ АЙМГИЙН УРГАЦЫН 40 ГАРУЙ ХУВЬ ТЭЭВЭРЛЭГДДЭГ

Энэ жилийн тухайд малчид, тариаланчдын хувьд нэлээд хүндхэн зун боллоо. Зундаа хур бороо багатай, намартаа нэлээд хэмжээний хур орж тариа хураахад ихээхэн хүндрэлтэй хэцүү явагдаж байна. Манай компанийнхан өнөөдрийн байдлаар тариа хураалтынхаа ажлыг ерөнхийд нь дуусч байна. Энэ жил ургацын чанар сайн, га-гаас 14-15 цн ургац авлаа. Бидний тухайд ургацаас гадна Сүхбаатар хотоос нааш Шаамар, Зүүнбүрэн, Цагааннуур, Түшиг гээд 100 гаран км замын асуудал их хүндрэлтэй болоод байна. Би 1978 онд энэ сумыг  Найрамдал САА гэж байхад Атрын 2-р аянаар ирж байлаа. Эндээс ажил амьдралын гараагаа эхэлсэн. Намайг анх ирж байхад Сэлэнгэ аймгийн төвөөс Зүүнбүрэнгийн төв ороход сайжруулсан шороон зам тавьж байсан. Өнөөдөр 40-өөд жил тэр зам маань хэвээрээ. Жил бүр ургацын үеэр хөдөлгөөн ихэсдэг учраас зам их эвдэрдэг. Үүнээс болоод тариаланчид маш их хугацаа алддаг, техникийн гэмтэл их гардаг, тээвэрлэж байгаа тээврийн байгууллагад хүндрэлтэй болдог. Энэ асуудлыг анхааралдаа авахыг сумын иргэд хүсч байна. Сонгууль болгоноор энэ асуудлыг хэлж ярьж байдаг. Үр тарианаас гадна хүнсний ногоо, мал аж ахуйгаас гардаг бүхий л бүтээгдэхүүн энэ замаар явдаг. Энэ зам бол Сэлэнгэ аймгийн хувьд маш чухал зам. Улсын ургацын 30 орчим хувь, Сэлэнгэ аймгийн ургацын 40 гаруй хувь энэ замаар тээвэрлэгддэг. Тийм учраас энэ зам их чухал. Нутгийн иргэдийн мөрөөдлийн асуулгын гол сэдэв болсон зам. Намрын намарт замын асуудал яригдсаар олон жилийг үдлээ. 

 

Жолооч П.Мөнхөө: МАШИН ТЭРГЭНД ЭВДРЭЛ ИХ ҮҮСГЭДЭГ, ЦАГ ХУГАЦАА ИХ АЛДДАГ


Намайг Мөнхөө гэдэг. Би Сэлэнгэ аймгийн “Алтан тариа” компанид тээвэр хийж байгаа жолооч. Ургацын будааг 11 дэх жилдээ тээвэрлэж байна. Намрын намарт замын асуудал маш их асуудал дагуулж хүнд байдаг. Жилдээ нэг хусдаг. Хусаад л явсаны дараа том машинууд яваад эргээд л энхэл донхол үүсдэг. Энэ нь машин тэргэнд эвдрэл их үүсгэдэг, цаг хугацаа их алддаг.
 

Цагааннуур сумын иргэн Б.Даваалхагва: ЗАМЫН АСУУДЛААС БОЛООД ҮҮССЭН ЭДИЙН ЗАСГИЙН ХОХИРОЛ ИРГЭДЭД ХҮНД ТУСДАГ
Би Сэлэнгэ аймгийн Цагаануур сумын хүн тээврийн жолоочоор ажилладаг. Манай суманд өглөө орой хоёр машин хүн тээвэрт явдаг. Нийт 6 машинтай. Манайхаас аймгийн төв хүртэлх зам маш хүнд. Бороо цас орсон үед бүр илүү хүндрэлтэй болдог. Нэг яваад л машин эвдэрнэ. Намартаа ургац хураалтын үеэр л нэг хусдаг. Замын асуудлаас болоод үүссэн эдийн засгийн хохирол иргэдэд хүнд тусдаг. Шинэ машин зээлээр авдаг. Амьдрахын тулд тээвэр хийдэг. Замын бартаа саадаас болоод машинаа эвддэг. Зээлээ төлж чадалгүй л бараг машинаа эвдэх жишээтэй.
 

Цагааннуур сумын иргэн ногоочин Г.Үүрцайх: УРГАЦ ТЭЭВЭРЛЭЛТИЙН ЭНЭ ГОЛ ЗАМАА УЛС ХАРЖ ҮЗЭЭД ХАТУУ ХУЧИЛТТАЙ БОЛГООД ӨГӨӨСЭЙ


Би 17 жил ногоо тариалж байна. Энэ жил 3.5 га-д 17 төрлийн ногоо тариалсан. Ногоогоо Улаанбаатар, Дархан-Уул аймагт явж борлуулдаг. Ингээд ногоогоо ачаад явж байхад зам маш хэцүү. Ялангуяа шийгуай ачаад явахад тал нь хагараад очдог. Их хэмжээгээр аваад явахаар машин техник эвдрэнэ. Замдаа муудна. Арай гэж хөлс хүчээ дуслуулан ургуулсан ногоогоо борлуулах гэж ачиж яваад замдаа талыг нь гэмтээдэг. Бидэнд эдийн засгийн хохирол нэлээд учирдаг. Иймээс ургац тээвэрлэлтийн энэ гол замаа улс харж үзээд хатуу хучилттай болгоод өгөх  юм бол их үр дүнтэй ажил болно гэж боддог.
  

Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын 2-р багийн өндөр настан Т.Дорж: ЗАМТАЙ БОЛЧИХВОЛ ИХ Л ӨГӨӨЖТЭЙ АЖИЛ БОЛНО ДОО


Би атрын 1, 2, 3-р аяны эзэн өндөр настан хүн. Тариа будааны гол цөм нутагт амьдарч байна. Манай сум бол Сэлэнгэдээ ч улсдаа ч тэр гол бүс нутаг. Өнөөдөр Зүүнбүрэн, Шаамар, Цагааннуур, Зэлтэр энэ 4 сумыг харьяалсан засмал зам маш их хэрэгтэй байна. Амархан эвдэрч сүйддэг шороон замын улмаас будаа гээгдэж хаягдах, ногоо  гэмтэх, машин техникт эвдрэл үүсэх гээд хохирол ихээхэн гарч байна. 1990 оноос хойш л аль ч засаглалын үед зам барина гэж яригдсаар өнөөдөртэй учирч байна. Замтай болчихвол их л өгөөжтэй ажил болно доо. Нийт 118 км зам байгаа юм. Энэ зам баригдчихвал улсын хөгжлийг 80 насанд үзлээ гэж баярлах байна. Би тракторчин, комбайнч, тариа бригадын дарга гээд ажлуудыг хийж байсан хүн.
 

Шаамар сумын Засаг дарга М.Баярбаатар: МАНАЙ ДӨРВӨН СУМЫН 20 ГАРУЙ МЯНГАН ИРГЭДИЙН ЭРХ АШИГ, ОЛОН АРВАН АЖ АХУЙН НЭГЖИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭНЭ ЗАМТАЙ ХОЛБООТОЙ


Манай Шаамар сумаар явж байгаа энэ зам Түшиг хүртэл 118 км үргэлжилдэг. Замдаа Зүүнбүрэн, Цагааннуур сумыг дайран өнгөрдөг. Энэ замд 1983 оноос хойш огт их засвар хийгдээгүй. Ер нь сонгууль болгоноор тодорхой нэр дэвшигчдийн шоу болсон зам. Сэлэнгэ аймаг бол улсын үр тарианы 60 гаруй хувийг үйлдвэрлэдэг аймаг. Түшиг, Цагааннуур, Зүүнбүрэн, Шаамар сумдаас дээрх үр тарианы 40 гаруй хувийг үйлдвэрлэн энэ замаар тээвэрлэж байна. Энэ замаар тээвэрлэж байгаа хүнсний бүтээгдэхүүн, төмс, хүнсний ногоо бусад бүтээгдэхүүнүүд тоос шороонд дарагдах, хүнсний эрүүл ахуй, аюулгүй байдал алдагдах, тээвэрлэлтийн үед асгарах, гоожих, хорогдох байдал байнга үүсдэг. Түүнчлэн машин техникийн эвдрэл гэмтэл их гардаг. Үүнийг цаашид засварлаж хатуу хучилттай зам болгох зайлшгүй шаардлагатай. Ялангуяа манай дөрвөн сумын 20 гаруй мянган иргэдийн хүссэн эрх ашиг, олон арван аж ахуйн нэгжийн үйл ажиллагаа энэ замтай холбоотой. Иймээс УИХ, Засгийн газар миний хувьд шинэ байгуулагдаж байгаа Засгийн газар хүнсний аюулгүй байдал, замын асуудал дээр анхаарал тавьж ажиллах байх гэж найдаж байна. Сонгууль болгоны шоу биш, ажил хэрэг болсон сайхан зам болоосой гэж хүсэж байна.
Олон жил үр тариа тээвэрлэхэд энэ зам учир дутагдалтай байсан. Гэвч Засгийн газар хөрөнгөө шийдээд тавих замаа тавьдаг юм билээ. Тухайлбал Төмөртэйн хүдэрийн уурхай руу. Энэ бол хувийн хэвшлийн уурхай руу дэмжсэн замыг тавьж чадсан. Тэгэхээр хүнсний бүтээгдэхүүнд зориулсан замаа тавих байх гэж бодож байна. Энэ асуудал дээр манай аймгийн Засаг дарга Ш.Оргил их санаачилга гарган ажиллаж байгаа. Зөвхөн сумаа хатуу хучилттай замаар холбох гээд байгаа юм биш. Газар тариалангийн үйлдвэрлэлд маш хэрэгтэй. 
 

Шаамар сумын иргэн Б.Ариунболд: ХАА ХААНАА ЗӨВШИЛЦӨӨД ЗАМТАЙ БОЛЧИХВОЛ САЙХАН БАЙНА

Би энэ сумандаа төрж өсөөд ажиллаж амьдарч байна. Манай сумын хувьд зам харилцаа маш муутай. Тариалангийн үйлдвэрлэлээрээ аймагтаа тэргүүлдэг гол дөрвөн сумдууд энэ замаар холбогддог. Миний хувьд үүнийг янзлаад засаад өгөөчэй гэж хэлмээр байна. Засмалтай болчихвол байгаль дэлхийдээ ээлтэй болно. Учир нь замын тоосжилт ихтэй болж байна. Бас их эвдэгдэж байна. Тээвэрлэлтэнд явахад цаг хугацаа алддаг. Техник тоног төхөөрөмж эвдрэл ихтэй байдгаас эдийн засгийн хувьд хохирол нэлээд гардаг. Бид аль болох боломжоо дайчлаад явж байна. Сонгуулийн үеэр хүмүүс их л гоё амладаг. Хэн хэнийгээ буруутгаад яахав. Хаа хаанаа зөвшилцөөд замтай болчихвол сайхан байна. Манай сум чинь эдийн засгийн хувьд их ач холбогдолтой улсын хэмжээнд яригддаг сумд л даа. Улсын хэмжээний ургацын 40 хувиас дээш яригдаг, мөн зөгийн аж ахуй, хадлан тэжээл гээд бүхий л зүйл энэ замаар явдаг.
 

Т.Энхболд: ЭНЭ ЗАМ НАМАЙГ МЭДЭЭ ОРОХООС ЭХЛЭЭД Л ИЙМ Л БАЙСАН

Би өөрөө ой хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Манай Шаамар байгалийн эрс тэс уур амьсгалтай газар нутагт байрладаг. Зундаа их халуун, өвөлдөө их хүйтэн, цас их унадаг. Би аймгийнхаа авто зам засварынханд маш их баярладаг. Тэд боломжийнхоо хэрээр маш сайн засдаг. Гэхдээ энэ шороон зам учраас энэ их тээвэрлэлтийн явцад, бороо шороонд маш хурдан эвдэрдэг. Саяхан зассан болохоор одоо гайгүй байна. Ерөнхийдөө маш хурдан эвдэрдэг. Бэрхшээл хэлээд байвал их л бий. Машин техникийн эвдрэлээс гадна ачаа бараа нурж, гэмтэх, цаг алдахаас эхлээд. Энэ бол зөвхөн манай Шаамар сумтай холбоотой асуудал биш. Зүүнбүрэн, Цагааннуур, Түшиг цаашлаад Хушаат гээд 5 сумтай холбоотой үр тариа, хүнсний ногооны гол зам. Шаамар сумынхны хувьд хар замтайгаа ойрхон учраас ингэсгээд болгоод л явна. Энэ зам намайг мэдээ орохоос эхлээд л ийм л байсан. Одоо ч мөн хэвээрээ л байна.
Бороо их ороод цас их унаад ирэхээр энэ замаар тээврийн хэрэгсэлүүд зорчихгүй тойрч манай энэ нарсны дундуур зам гаргаад явчихдаг. Маш олон зам гарсан байгаа. Энэ бол байгаль экологид ихээхэн хор нөлөөтэй. Биднийг хүүхэд байхад байсан ой мод одоо байхгүй. Тэр бол огтлолтоос биш энэ замуудаас нөлөөлж байгаа юм. Яг манай сумын төв рүү ордог энэ хэсэгт осол гэмтэл их гардаг. Манай сумынхан өөрсдөө замынхаа нөхцөл байдлыг сайн мэднэ. Гэтэл өөр газраас ирж яваа хүмүүс замын нөхцөл байдлыг мэдэхгүй замд эвдрэл үүссэн үед мэдэхгүй анзаарахгүй засмал дээр явж байгаа юм шиг яваад л осол гаргадаг. Манай сумын нутаг дэвсгэр дээр гарч байгаа осол гэмтлийн ихэнх нь гадны жуулчид, мэдэхгүй хүмүүс байдаг. Энэ замыг хатуу хучилттай болгох нь манай сумтай холбоотой орон нутгийн асуудал гэж бодохгүй байна. Өшөө цаасаа үр тариа, хүнсний ногоо гээд улсын хэмжээнд яригдаж, бусад сумдтай холбоотой зам учраас их том асуудал гэж бодож байгаа.