“ХАРИЛЦАА ХОЛБООНЫ ХӨГЖИЛ-2017” БҮСИЙН ЗӨВЛӨГӨӨН БОЛЛОО

Сэлэнгэ, Булган, Дархан-Уул, Орхон, Хөвсгөл аймгуудыг оролцуулсан “Харилцаа холбооны хөгжил-2017” бүсийн зөвлөгөөн Сэлэнгэ аймгийн төв Сүхбаатар хотод 10-р сарын 04,05-ны өдрүүдэд амжилттай болж өндөрлөлөө. Аймгийн Засаг даргын Тамгын газрын хурлын их танхимд болсон энэхүү зөвлөгөөнөөр Салбарын эрх зүйн орчин, өнөөгийн байдал, Харилцаа холбооны салбарын бодлого, зохицуулалт, Харилцаа холбооны салбарын чиг хандлага, Харилцаа холбооны салбар орон нутагт сэдвүүдээр мэдээлэл өгч, харилцан асуулт хариулт өрнүүллээ. Зөвлөгөөнд дээрх таван аймгийн нийгэм, эдийн засаг, хүний хөгжлийг дэмжсэн үйл ажиллагааг явуулж байгаа цахилгаан холбоо, радио телевиз, шуудан, мэдээллийн технологийн салбарын 140 гаруй төлөөлөл хамрагдлаа. 


Зөвлөлгөөнд оролцогчид Харилцаа холбооны зохицуулах хорооноос тавьж байгаа шаардлага нь орон нутагт тохирохгүй өндөр шалгуур байдаг хэмээн шүүмжилсэн. Мөн хэрэглэгчид рүү хандсан бодлого үйл ажиллагаа дутагдалтай байгааг анхааруулаад цаашид энэ тал дээр анхаарч ажиллахыг хүслээ.  
Сэлэнгэ аймагт Харилцаа холбооны зохицуулах хорооноос тусгай зөвшөөрөл авсан 26 байгууллага, хэвлэл мэдээлэл, цахилгаан холбоо, үүрэн телефоны чиглэлээр үйл ажиллагаа явуулан иргэдэд үйлчилгээ үзүүлж байна. Аймгийн хэмжээнд 9 сум суурин газар орчин үеийн холбооны MSAN станцыг суурилуулсан ба суурин утасны 1730 айр өрх, албан байгууллагууд холбогдон ашигладаг. Мөн 18 суурин газарт нийт 1108 хэрэглэгч ADSL интернэтэд холбогдож, нийт 280 Mbps урсгал ашиглаж байгаа юм. Үүнээс тус аймгийн Цагааннуур сумын бүх айл өрхүүд утасгүй интернэтэд WIFI –д бүрэн хамрагдсан байна. Эдгээрээс суурин утасны 1193 хэрэглэгч, интернэтийн 790 хэрэглэгчид Сэлэнгэ аймгийн холбооны газар үйлчилгээ үзүүлэн ажиллаж байна. Орон нутгийн телевизүүд тоон системд бүрэн шилжсэн бөгөөд телевизийн өргөн нэвтрүүлгийн зөвшөөрөл дөрөв, радиогийн өргөн нэвтрүүлгийн зөвшөөрөл дөрвөн эзэмшигчид Сүхбаатар, Сайхан, Мандал суманд ард иргэдэд мэдээ мэдээллийг хүргэх чиглэлээр үйл ажиллагаагаа явуулж байгаа юм.