ХОГНЫ АСУУДЛААР ХОЛБОГДОХ БАЙГУУЛЛАГУУДАД ҮҮРЭГ ӨГЛӨӨ

Өнөөдөр аймгийн Засаг дарга Ш.Оргил Сүхбаатар сумын өнгө үзэмжийг дарж буй хог хаягдлын асуудлаар холбогдох байгууллагуудын удирдлагуудыг дуудан үүрэг чиглэл өглөө. Сүхбаатар сумын хогийн нэгдсэн цэг 1-р багийн нутаг дэвсгэр буюу хуучнаар Мод боловсруулах комбинатын ард байрладаг. Үүнээс өөр хог хаях том цэг байхгүй. Гэтэл иргэд хотгор гүдгэр жалга довыг хогийн цэг болгон ашиглаж ил задгай хаа сайгүй хог хаягдлыг их хэмжээгээр хаях болсон. Энэ байдалд Сүхбаатар сумын ЗДТГ, хог хаягдлын төрөлжсөн үйлчилгээг хариуцан ажиллаж байгаа Тохижилт үйлчилгээний газар онцгойлон анхаарлаа хандуулж ажиллахыг аймгийн дарга анхаарууллаа. Шинээр үүсгэсэн хогийн цэгүүдийн байршлыг тогтоон цэвэрлэж, түрж булан устгах ажилд ОБГ, “Сэлэнгэ АЗЗА”, “Сэлэнгэ Энерго”, “Урсгал ус” зэрэг байгууллагуудыг тусалж дэмжин хамтын хүч, уялдаа холбоотойгоор ажиллахыг чиглэл болгов. Хог түүх, цэвэрлэх ажилд хүн хүчний зөв зохион байгуулалт хийж, хог цэвэрлэгээний дараах хяналт, зохион байгуулалтыг дагнан хариуцаж ажиллахыг Сүхбаатар суманд үүрэг болголоо. Энэ удаагийн хог хаягдлыг зөөж тээвэрлэх, устгаж булах ажилд зарцуулагдах шатахууныг аймаг хариуцахаар шийдвэрлэлээ.