АЛТАНБУЛАГ, СҮХБААТАР ХИЛИЙН БООМТУУДАД ХИЛИЙН ҮЙЛЧИЛГЭЭГ САЙЖРУУЛАХ БҮС НУТГИЙН ТӨСӨЛ ХЭРЭГЖИНЭ

Өнөөдөр аймгийн төвд “Алтанбулаг, Сүхбаатар хилийн боомтын бүтээн байгуулалт” сэдэвт уулзалт боллоо. Уулзалтыг аймгийн Засаг дарга Ш.Оргил нээж хэлсэн үгэндээ “Сэлэнгэ аймаг бол олон онцлог давуу талтай аймаг. Үүний нэг нь Монгол Улсын хойд хилийн аймаг. Монгол Улсын хилээр орж гарч байгаа хүмүүсийн толь болж байгаа учир аймгийн удирдлагын баг “Хилийн үйлчилгээг сайжруулах бүс нутгийн төсөл”-ийг бүх талаар дэмжин ажиллаж байгаа. Аймаг орон нутгаас хамааралтай бүгдийг цаг хугацаа алдагдуулалгүй шийдвэрлэж, төслийн баг бүрэлдэхүүнтэй хамтран ажиллана. Энэ төсөл Сэлэнгэ аймагт өгөөжөө өгөх учиртай” гэлээ.

Хилийн үйлчилгээг сайжруулах бүс нутгийн энэхүү төсөл нь үндсэн 3 бүрэлдэхүүн хэсэгтэй ажээ. 1-р хэсэгт Алтанбулаг хилийн боомтын барилга байгууламжийн өргөтгөл, засвар шинэчлэлийн ажил, Хатуу хучилттай авто зам, авто зогсоол, Хилийн боомтын Гаалийн тоног төхөөрмжийн шинэчлэлт, 2-р хэсэгт Гаалийн автоматжуулсан мэдээллийн систем /КАИС/-ийн өргөтгөл, тоног төхөөрөмжийн шинэчлэл, 3-р хэсэгт Гадаад худалдааны цахим нэг цонхны үйлчилгээг нэвтрүүлэх зэрэг ажлууд багтсан байна. Төслийн хүрээнд шинээр 4 эгнээ бүхий 1,8 км хатуу хучилттай зам, зогсоол, Сүхбаатар хилийн боомтод хилийн хяналтын байгууллагуудын “Нэг цэгийн үйлчилгээний цогцолбор”-ыг барих ажлууд хийгдэхээр төлөвлөгджээ. Энэхүү төсөл хэрэгжсэнээр гадаад худалдаа илүү түргэн шуурхай болж худалдааны эргэлт болон өрсөлдөх чадвар нэмэгдэж, худалдаа эрхлэхэд зарцуулах зардал, цаг хугацаа 30 хувь багасна гэж харж байна. 


Аймгийн даргаас төслийн баг бүрэлдэхүүнд боомт, чөлөөт бүс, сумыг бүгдийг нэгтгэсэн нэгдсэн нэг төлөвлөлт хийх ёстой шүү гэдгийг тодотгож хэллээ. Уулзалтанд Алтанбулаг боомт дахь хилийн хяналтын байгууллагууд, чөлөөт бүсийн захирагчийн албаны төлөөлөл оролцлоо. Мөн энэхүү төслийн барилгын зураг төслийг боловсруулах “Татах хүч”ХХК, авто замын зураг төсөл боловсруулах “Эм Си Пи Си групп”ХХК-ийн төлөөллүүд оролцож мэдээлэл өгөв.


Ийнхүү Алтанбулаг, Сүхбаатар хилийн боомтуудад Азийн хөгжлийн банкны санхүүжилттэй хилийн үйлчилгээг сайжруулах бүс нутгийн төсөл хэрэгжиж бүтээн байгуулалт өрнөх нь.