ЭРЧИМ ХҮЧНИЙ УУГАН ҮЙЛДВЭР ТҮҮХТ ОЙГОО ТЭМДЭГЛЭЛЭЭ

Сэлэнгэ аймгийнхаа гал голомтыг мөнхөд бадрааж, илч гэрлээр тасралтгүй найдвартай хангах их үйлсэд хичээнгүйлэн зүтгэж ирсэн “Сэлэнгэ Энерго” ОНӨААТҮГ нь “Сүхбаатар хотын дулааны цахилгаан станц нэртэй”-гээр Хятад улсын Шанхай хотод үйлдвэрлэсэн 39 ата даралттай, 450 градусын температуртай, цагт 20 тн уур гаргах хүчин чадалтай зуух, Румын улсын “Рещица” заводад үйлдвэрлэсэн АП-3-1 маркийн 3 мегаватт хүчин чадалтай 2 уурын турбинтэйгээр 5 үндсэн цехтэй, 31 инженер техникийн, 161 ажилтан албан хаагчидтайгаар 1958 оны 12 дугаар сарын 28-нд ашиглалтанд орсон түүхэн замналтай. Тухайн үед өндөр хүчдлийн цахилгаан дамжуулах 8 км шугам, дэд станцаар Сүхбаатар хотын хэрэглэгчдийг цахилгаанаар, Мод боловсруулах комбинатыг дулааны эрчим хүчээр /технологийн уураар/ хангаж, Монгол Улсын эрчим хүчний салбарт Төв цахилгаан станцын дараа баригдсан 2 дахь цахилгаан станц болсон эрчим хүчний ууган үйлдвэрүүдийн нэг юм.

“Сэлэнгэ Энерго” ОНӨААТҮГ нь өөрийн намтар баян нэгэн жарны хуудсаа Хөдөлмөр хамгааллын Улсын тэргүүний байгууллагаар 2 жил дараалан шалгарсан, цайны  газар, зочид буудал, урлагийн заал зэргийг өөрийн хөрөнгөөр барьж ашиглалтанд оруулсан, төв шугамынхаа 80 хувийг сольж шинэчилсэн, Сүхбаатар хотын төвлөрсөн халаалттай нийтийн орон сууцуудыг зуны улиралд хэрэглээний халуун усаар хангасан зэрэг ард иргэд, ажилтан албан хаагчиддаа ашиг тусаа өгсөн бахдам ажил үйлчилгээнүүдээр зузаатгаад байна.

Сэлэнгэ аймгийн гал голомтыг бадраагч, айл хотол, ард иргэдээ илч, гэрлээр тасралтгүй найдвартай хангах эрхэм үүргээ нэр төртэй биелүүлж яваа тус салбарын үе үеийн удирдлагууд, ажилтан албан хаагчид энэ өдөр хуран цуглаж, баяр хөөртэй, шагнал урамшлаар хур буусан нэгэн өдрийг өнгөрүүллээ.