АЙМГИЙН УДИРДЛАГУУД “СЭЛЭНГЭ ЭНЕРГО”, “УРСГАЛ УС” ОНӨААТҮГ-УУДЫН ӨВӨЛЖИЛТИЙН БЭЛТГЭЛИЙН ЯВЦТАЙ ТАНИЛЦЛАА

Хичээлийн шинэ жил эхэлсэн 9 дүгээр сарын 1-ний өдөр аймгийн ИТХ-ын дарга Г.Бямбаа, Засаг дарга Ш.Оргил нар хэрэглэгчдийг дулаанаар хангаж байдаг “Сэлэнгэ Энерго”ОНӨААТҮГ, усаар хангадаг “Урсгал ус”ОНӨААТҮГ-уудын өвөлжилтийн бэлтгэл ажлын явцтай танилцаж, тулгамдсан асуудлыг нь сонсож, харилцан ярилцлаа.

“Сэлэнгэ Энерго”ОНӨААТҮГ-ын тухайд өөрсдийн нөөц бололцоогоо дайчлан ажиллаж байгаа хэдий ч олон жил хуримтлагдсан хур өртэйгээс байдал тийм ч амар биш байгаагаа илэрхийлж байв. Тэр тусмаа энэ жилийн коронавирусийн нөхцөл байдал ч тодорхой хэмжээгээр нөлөөлж. Байгууллагат үүссэн санхүүгийн хүндрэл бэрхшээлийг  хэрхэн яаж даван гарах вэ? Цаашдаа яаж ажиллавал зохимжтой вэ гэдэг асуудал дээр аймгийн удирдлагууд тус байгууллагын албаны хүмүүстэй харилцан ярилцлаа. Аймгийн даргаас “Энэ жилийн энэхүү хүнд нөхцөл байдал бүхий л газруудад, ард иргэдэд бүгдэд тулгарч байгаа учир одоогийн нөхцөл байдалтайгаа уялдуулан зөв зохион байгуулалтад орж, нүүрс, цахилгааны асуудлаа нэн түрүүнд шийдвэрлэж, хөөцөлдлөгөөтэй ажиллах”-ыг чиглэл болголоо.

“Урсгал ус”ОНӨААТҮГ-ын тухайд өвөлжилтийн бэлтгэл ажил 40 орчим хувьтай, ажил хэвийн явагдаж байна. Тус байгууллагын зүгээс одоо байгаа цэвэрлэх байгууламжаа бүрэн хэмжээний засвар үйлчилгээнд хамруулах хүсэлттэй байгаагаа илэрхийллээ.