ШААМАР-ЗҮҮНБҮРЭН-ЦАГААННУУР-ТҮШИГ ЧИГЛЭЛИЙН АВТО ЗАМЫГ 2021 ОНД АШИГЛАЛТАД ОРУУЛНА

МУ-ын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Дархан-Сэлэнгийн авто замаас Шаамар-Зүүнбүрэн-Цагааннуур- Түшиг-Зэлтэрийн боомт чиглэлийн 120.85 км хатуу хучилттай авто замын төслийн ажлын явцтай танилцав. Сэлэнгэ аймгийн Засаг дарга Ш.Оргил Засгийн газрын тэргүүнд энэ бол манай аймгийн ургацын гол бүс дэх стратегийн зам болохыг онцлон тодорхойлж танилцууллаа.


Сэлэнгэ аймгийн удирдлага болон тариаланчдын зүгээс үе үеийн Засгийн газарт хандан ургац тээвэрлэлт ач холбогдолтой энэхүү авто замыг хатуу хучилттай болгож өгөх хүсэлтийг удаа дараа тавьсаар ирсэн юм.
Монгол Улсын ЗГ-ын 2016-2020 оны үйл ажиллагааны төлөвлөгөөнд "Улаанбаатар- Алтанбулаг" чиглэлийн ОУ-ын автозамаас Шаамар, Зүүнбүрэн , Цагааннуур, Түшиг чиглэлийн 112 км автозам барих талаар тусгагдсан бөгөөд замыг концессын гэрээгээр гүйцэтгүүлэхээр болсон.


"Дархан-Сэлэнгийн авто замаас Шаамар-Зүүнбүрэн- Цагааннуур -Түшиг-Зэлтэрийн боомт чиглэлийн 120.85 км хатуу хучилттай авто зам"-ыг "Монгол ЛЗ зам гүүр" ХХК гүйцэтгэхээр болоод байгаа юм. Энэхүү төслийн ажил энэ оны 4 дүгээр сард эхлэх байсан боловч Ковид19 цар тахлын улмаас гадаадын инженер ,техникийн ажиллах хүч орж ирж чадаагүйн улмаас ажил графикт хугацаандаа эхэлж амжаагүй байна. Гэсэн хэдий ч авто зам барилгын ажлыг дотоодын аж ахуй нэгжээр гүйцэтгүүлэх чиглэлийг үндэсний хөгжлийн газраас өгчээ. Тус замын зорчих зурвасын өргөн 7 метр, хөдөлгөөний зурвасын хучилтын өргөн 7 метр, хөвөөний өргөн 2 метр байх аж. Автозамын ажлыг зураг төслийн дагуу 2021 оны 10 дугаар сарын 31-ний өдрөөс өмнө ашиглалтад оруулах төлөвлөгөөтэй байна.