Н.ЛХАГВАДОРЖ: “ХӨЛДӨӨХГҮЙ, ХАЛААХГҮЙ” ГЭСЭН ЗАРЧИМТАЙ АЖИЛЛАЖ БАЙГАА АЖ АХУЙН НЭГЖҮҮДТЭЙ ХАМТРАН АЖИЛЛАХГҮЙ
Аймгийн хэмжээнд бүх аж ахуйн нэгж байгууллагууд аймгийн Засаг даргын “Өвөлжилтийн бэлтгэл бэлэн байдлыг хангах” тухай албан даалгаварыг хэрэгжүүлэн ажиллаж байгаа. Албан даалгаврын хэрэгжилт болоод сум орон нутгаас авч хэрэгжүүлж байгаа ажилтай Засаг дарга Н.Лхагвадорж газар дээр нь танилцаж сумдад ажилласаар байна.
Өнөөдөр 17 сум 6 тосгоны дулаан хангамж үйлдвэрлэгч 15 аж ахуйн нэгжийн дарга эрхлэгч нартай уулзаж тулгамдаж буй асуудлыг сонсон, гарц гаргалгааг шийдвэрлэлээ.
Тус уулзалтын хүрээнд дулаан ханган нийлүүлэгч байгууллагуудыг яаралтай алдаа дутагдлаа засахыг анхааруулж боломжгүй тохиолдолд дараагийн байгууллага нийлүүлэгчээр орох боломжтойг сануулав. Энэ үеэр Зүүнбүрэн сумын дулаан хангагч “Монжим” ХХК-ны гэрээг цуцалж байгааг мэдэгдлээ.
Жилийн жилд байнгын халаалтын асуудалтай байдаг хэд хэдэн сумд бий. Халаалт дулаан доголдолоос үүдэн сумдын сургууль, цэцэрлэг хүйтэн өвөлжиж үүнээс шалтгаалсан өвчлөл үүсэх гэх мэт олон хүндрэлүүд гардаг нь үнэн.
Энэ уулзалтын үеэр аймгийн Засаг дарга сэтгэлтэй ажиллах хэрэгтэйг онцгойлон анхааруулж цаашид "хөлдөөхгүй, халаахгүй" гэсэн зарчимтай ажиллаж байгаа аж ахуйн нэгжүүдтэй хамтран ажиллахгүй гэдгийг мэдэгдлээ.