“УС” ХӨТӨЛБӨРИЙГ ҮРГЭЛЖЛҮҮЛЭХ ШААРДЛАГАТАЙ
Сэлэнгэ аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит долдугаар хуралдаан 04-р сарын 15-ны өдөр хуралдаж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Сэлэнгэ аймгийн усны асуудлыг цогцоор нь хамруулсан “Ус” хөтөлбөр нь 2016 оны эцэст хэрэгжиж дуусах бөгөөд хөтөлбөрийн биелэлтийн үр дүнгийн талаарх мэдээллийг сонсоод Тэргүүлэгчид хэд хэдэн зүйл дээр санал хэлж хөтөлбөрийн хугацаа дуусахаас өмнө анхаарч ажиллахыг даалгалаа. Тодруулбал, аймгийн хэмжээнд хүн амын болон бэлчээрийн усан хангамжийн нөөц ямар түвшинд байгаа, усны бохирдлын мэдээлэл судалгааг дэлгэрэнгүй гаргах, усны ашиглалт хэрэглээг унд ахуйгаас өөр төрлөөр хэрхэн ашиглаж болохыг тодорхойлох зэргээр хөтөлбөрийг цааш үргэлжлүүлэх шаардлагатай. Мөн тооцоо судалгааг нарийн гаргаж усны одоогийн байдлаа тодорхойлсноор дараагийн хөтөлбөрийн гарааны нөхцөл шаардлага бүрдэнэ гэж үзлээ.
 
ӨРХИЙН ЭМНЭЛГИЙН БАЙРНЫ АСУУДЛЫГ АНХААРНА.
 
Тэргүүлэгчдийн 2016 оны ажлын төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу аймгийн ИТХ-ын зарим Тэргүүлэгчид Сүхбаатар сумын өрхийн эмнэлгүүдийн ажил байдалтай танилцсан. Аймгийн хэмжээнд 7 өрхийн эмнэлэг үйл ажиллагаа явуулж байгаагаас Сүхбаатар суманд 4 өрхийн эрүүл мэндийн төв ажиллаж байна. Эдгээр өрхийн эмнэлгүүдийн нэн тэргүүнд тулгамдсан асуудал нь эмнэлгийн байрны асуудал юм. Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаанд өрхийн эмнэлгүүдийн үйл ажиллагааны талаарх мэдээллийг сонсоод Сүхбаатар сумын өрхийн эмнэлгүүдийн байрны асуудлыг 2017 оны төсөвт тусгах талаар хурлын Тэргүүлэгчдээс аймгийн Засаг даргад үүрэг чиглэл өгөх, байртай эмнэлгүүдийн засвар үйлчилгээний зардлыг шат дараатайгаар шийдвэрлэхээр болов. Өрхийн эрүүл мэндийн төвүүд нь улсын төсвөөс санхүүжилттэй, хувийн хэвшлийн байгууллага боловч Сэлэнгэ аймгийн 105 мянган иргэнийхээ эрүүл мэндийн асуудлыг бодолцон аймаг, орон нутгаас байрны асуудалд анхаарахаар шийдвэрлэлээ.
 
САЙН ДУРЫН ДААТГАЛЫГ ЭРЧИМЖҮҮЛНЭ.
 
Сэлэнгэ аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит долдугаар хуралдаанаар Малчид, ажилгүй иргэд, жижиг аж ахуй эрхлэгчдийг нийгмийн даатгалд хамруулах талаар зохион байгуулж буй ажил үйлчилгээний талаарх мэдээллийг сонсоод Тэргүүлэгчид дараах саналуудыг хэллээ. Малчид, ажилгүй иргэд, жижиг аж ахуй эрхлэгчдийг нийгмийн даатгалд хамруулах асуудлыг сайн дурын даатгал гэдгээр урсгалаар нь орхигдуулж болохгүй, эдгээр иргэдийн нийгмийн асуудалд санаа тавьж хичээл зүтгэл гаргаж, тооцоо судалгааг бодитой болгон ажиллах шаардлагатай. Уг ажлыг эрчимжүүлэх,жилийн эцэст хийсэн ажлаа тайландаа тодорхой тусгаж гаргах хэрэгтэй гэж зөвлөв.
 
ОЙ ТЭМДЭГЛЭХ ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОВ.
 
Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлаар ой тэмдэглэх зөвшөөрөл олгох тухай асуудлыг хэлэлцээд Түшиг сумын Ерөнхий боловсролын сургуулийн 90 жилийн ойг 2016 оны 08 дугаар сард тэмдэглэхээр зөвшөөрөл олголоо.