Сэрэмжлүүлэг, мэдээлэл

          Аймгийн Ус цаг уур орчны шинжилгээний газраас ирүүлсэн мэдээгээр 4-р сарын цаг агаарын ерөнхий төлөв агаарын температурын дундаж нь 2-7 градус дулаан буюу ихэнх сумдын нутгаар уур амьсгалын дунджаас 0,5 градусаар дулаан байх төлөвтэй.
            Салхи, шуурганы хувьд нэгдүгээр арав хоногийн дунд үе, хоёрдугаар арав хоногийн эхэн ба дунд үе, гуравдугаар арав хоногийн дунд болон сүүлчээр зарим газраар 14-16 м/с хүртэл ширүүсч цасан болон шороон шуурга шуурах төлөвтэй байна.
            2017 он гарсаар Мандал суманд 2, Сайхан суманд 1, Баянгол суманд 1 удаагийн нийт 4 удаагийн ой, хээрийн түймэр, гол мөрний ус мөсөнд цөмөрсөн тохиолдол 3 удаа гарч Онцгой байдлын газрын албан хаагчид орон нутгийн иргэдтэй хамтран аюулгүй болгон ажиллалаа.              
            Дээрх ой хээрийн түймэр болон усны ослын ихэнх нь хүний буруутай үйл ажиллагаатай шууд холбоотой гарч байна.
            Тухайлбал: Айл өрхүүд үнс нурмаа ил задгай асгах, малд явах болон ой хээрт зорчихдоо татсан тамхи, асаасан шүдэнзний галыг унтраалгүй хаях, ил гал түлэх, тал хээрт болон гуу жалганд хог, бусад зүйлсийг шатаах гэр, байшингийн яндангаар оч, дөл цацагдах, иргэд гаднах хуурай өнжмөл өвсийг шатаах, газар тариалангийн компаниуд талбайн өвсийг шатаах зэргээс ихэнх гал түймэр гарч байна.
            Онцгой байдлын газраас ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх, түймэртэй тэмцэх бэлэн байдлыг хангуулах чиглэлээр сумдын Засаг дарга нарт Онцгой байдлын газрын даргын үүрэг зөвлөмжийг удаа дараа хүргэх, орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр урьдчилан сэргийлэх сэрэмжлүүлэг яриа таниулга хийх, аж ахуйн нэгж байгууллагуудад гамшгаас хамгаалах улсын хяналтын байцаагч хяналт шалгалт хийж албан мэдэгдэл өгч иргэдэд ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх сэрэмжлүүлгийн материал тараах заавар зөвлөмж өгөх зэргээр урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулан хэрэгжүүлж байгаа боловч иргэдийн санамсар болгоомжгүй хэнэггүй байдлаас болж түймрийн гаралт цаашид нэмэгдэх хандлагатай байна. Иймд иргэд, аж ахуйн нэгж байгууллага, албан тушаалтанд дараах сэрэмжлүүлгийг Онцгой байдлын газраас хүргүүлж байна.
            1.Түлсэн гал асаасан шүдэнз, татсан тамхины гал, цог, нурмыг бүрэн унтраах
            2.Түймэрт нэрвэгдэж болзошгүй нутаг дэвсгэрийг түймрээс хамгаалах зурвастай болгох
            3.Түймрийн хуурайшилт ихтэй үед ой, хээрт ил задгай гал түлэхгүй байх
            4.Машин, техникийн утааны янданг оч баригчтай болгох
            5.Гэр, байшин, малын хашаа, саравч, өвс тэжээл, худгийн эргэн тойронд 100-гаас доошгүй метрийн өргөнтэй цурав /зогоон/ татах, шороон зурвас гаргах
            6.Түймрийн аюултай үед айл өрх бүр халуун үнс, нурмыг тусгайлан бэлдсэн таглаа бүхий нүх, саванд хийж байх
            7.Насанд хүрээгүй хүүхдийг түймрийн аюултай үед ой, хээрт шүдэнз, асаагууртай явуулахгүй байх
            8.Иргэн, айл өрх бүр гал түймэр унтраах багаж хэрэгсэлтэй байх зарлан мэдээллийн дуут дохиотой байх
            Иргэн та ой хээрийн түймэр гарсан тохиолдолд  Онцгой байдлын алба болон орон нутгийн төрийн захиргааны байгууллагад яаралтай мэдээлэх, түймэр унтраах ажиллагаанд иргэний үүргийн дагуу оролцох үүрэгтэй.

                                                                                                                               Аймгийн Онцгой байдлын газар