Бүх нийтийн цэвэрлэгээнд 102 байгууллага хамрагдлаа

Бүх нийтийн цэвэрлэгээнд 102 байгууллага хамрагдлаа

“Цэвэр орчин-Эрүүл амьдрал” аяны нээлт Партизаны талбайд боллоо. Аяны үйл ажиллагааг аймгийн ИТХ-ын дарга Г.Бямбаа, Засаг дарга Ш.Оргил нар нээж, Сүхбаатар сумын Тохижилт үйлчилгээний газрын ажилчдад шинэ хувцас гардууллаа. Мөн эрхэлсэн ажилдаа идэвхи зүтгэлтэй ажиллаж байгаа тус байгууллагын 3 ажилтан, хашаа хороогоо үлгэр жишээ тохижуулсан Сүхбаатар сумын 3 иргэнийг аймгийн Засаг даргын "Жуух бичиг"-ээр шагнаж урамшуулав. Энэ удаагийн бүх нийтийн их цэвэрлэгээний ажилд аймгийн төвийн төр төсөв, аж ахуйн нэгж, иргэний нийгмийн 102 байгууллага хамрагдан хуваарийн дагуух газруудаа цэвэрлэж их хотынхоо 80 жилийн ойд бэлэг барилаа. Сүхбаатар сум дотор үйлчилгээ үзүүлдэг бага оврын ачааны авто машины 12 жолоочтой хог тээвэрлэх гэрээ байгуулан нэг өдрийнх нь ажилд дэмжлэг үзүүлэв. Ийнхүү дэм дэмэндээ, нэг нэгнээ дэмжсэн үйл ажиллагааг явууллаа. Сэлэнгэ аймгийн Засаг дарга Ш.Оргил Сүхбаатар сумын 1-р багийн нутаг дэвсгэр дээр байрлах хог хаях төв цэг дээр очиж бодит байдалтай танилцан, тус хогийн цэг хог хаясан гадаргуугаараа томорч байгаа тул хогийг газар нутгийн хувьд хумиж багасгах, барилгын материал, бусад түүхий эдээр ангилах, түрж булах, ажилчдынхаа нийгмийн асуудалд онцгойлон анхаарч ажиллахыг Сүхбаатар сумын “Тохижилт үйлчилгээ”-ний газрын дарга Б.Насантогтоход үүрэг болголоо. Мөн нийтийн их цэвэрлэгээний явц байдалтай танилцав.