ТҮЙМРИЙН ЦЭГ ДЭЭР АЖИЛЛАЖ БАЙГАА АВРАГЧИДДАА ХАЛУУН СЭТГЭЛИЙН ДЭМЭЭ ҮЗҮҮЛНЭ ҮҮ

Аймгийн Засаг дарга Ш.Оргил түймэртэй байгаа Мандал, Хүдэр, Ерөө сумдад ажиллаж, түймрийн нөхцөл байдалтай газар дээр нь танилцан шаардлагатай арга хэмжээг авч ажиллаж байна. Наадмын болон амралтын өдрүүдэд ч аймгийн Засаг даргаар ахлуулсан Онцгой комисс түймэр унтраах ажлыг шуурхай зохион байгуулж, байнгын удирдлагаар хангаж ажилласан юм. Засаг даргаас өгсөн үүрэг чиглэлийн дагуу аймгийн Ус, цаг уур орчны шинжилгээний газраас цаг уурын боломжит нөхцлийг ашиглан түймэр асч байгаа сумдад хур тундас оруулахад зориудаар нөлөөлөх ажлыг 4 баг гаргаж зохион байгуулан ажиллаж байна. Ойрын өдрүүдэд хэт халалт ихтэй, хуурайшилттай байгаа ч нийт түймрийн ихэнх нь хүний хүчин зүйлээс, тэр тусмаа аялал зугаалгаар яваа иргэдийн болгоомжгүй үйлдлээс болж гарч байгааг мэргэжлийн байгууллагынхан тодотгосон тул илүү их сэрэмжтэй болгоомжтой байхыг аялагч амрагчиддаа анхааруулъя.
Ингээд ард иргэд, аж ахуйн нэгж байгууллагуудаа түймрийн халуун цэг дээр цаг наргүй ажиллаж байгаа аврагчиддаа зориулж халуун сэтгэлээ шингээсэн эд материал, сэтгэл санааны дэмжлэгийг үзүүлэхийг уриалъя. Та бүхэн өөрийн аймагтаа байгаа бол 101, өөр аймагт яваа бол 7036-101 дугаарын утсанд холбогдон тус дэмээ үзүүлнэ үү. Дэм дэмэндээ гэдэг ардын маань сайхан үг бий. Цаг уурынхны маань хөдөлмөр шингэсэн хур бороо орж, та бүхний дэм шингэсэн цагаахан буянаар түймрийн утаа тун удахгүй арилна гэдэгт итгэлтэй байна.