МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД БОЛОН СЭЛЭНГЭ, ОРХОН АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА НАРЫН ТУСЛАМЖИЙГ ЕРӨӨ, ХҮДЭР СУМДЫН ДАРГА НАРТ ХҮЛЭЭЛГЭН ӨГЛӨӨ

Аймгийн Засаг дарга түймэртэй байгаа Мандал, Хүдэр, Ерөө сумдын нутгаар явж түймрийн бодит нөхцөл байдалтай танилцан холбогдох арга хэмжээг авч ажиллаж байгаа. Түймрийн халуун цэг дээр цаг наргүй ажиллаж байгаа гал сөнөөгч аврагчиддаа эд материал, сэтгэл санааны дэм үзүүлэн туслахийг аймгийн Засаг дарга төдийгүй аймгийн удирдлагын баг нийт ард иргэд, албан байгууллагууддаа уриалсан. Сэлэнгэ нутгийн сайхан сэтгэлт зон олон маань эвлэлдэн нэгдэж сэтгэлээ шингээсэн бэлгээ эздэд нь хүргэж эхлээд байгаа билээ. Тусламжийн аян Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат, Сэлэнгэ аймгийн Засаг дарга Ш.Оргил, Орхон аймгийн Засаг дарга Д.Батлут нарын илгээсэн эд материал, хүнсний хэрэглээний зүйлсээр үргэлжиллээ. Өнөөдөр Ерөө сумын төвд тусламжийн бараа эд зүйлсийг Ерөө, Хүдэр сумдын Засаг дарга нарт хүлээлгэн өгсөн юм. Энэ үеэр аймгийн Засаг дарга Ш.Оргил:- “Зовох цагт хүний чанар танигдана гэдэг ардын маань сайхан үг бий. Сэлэнгэ нутагт минь тохиолдоод байгаа гал түймрийн хор уршгийг даван туулахад эд материал, сэтгэл санааны дэмжлэг үзүүлэхээр өөрийн биеэр хүрэлцэн ирсэн Орхон аймгийн Засаг даргадаа болон Орхончууддаа талархалаа илэрхийлье” гэлээ. Орхон аймгийн Засаг дарга Д.Батлут:-“Нөхцөл байдал хүнд хэцүү байгаа тул бид энэ удаагийн тусламжийг авчирлаа. Шаардлагатай бол цаашид ч туслаж дэмжих болно” гэдгээ илэрхийлэв. Орхончуудын хандивын багцанд утаа нэвтрүүлдэггүй маск, амин дэм, берзинтэн материалтай хувцас, гутал зэрэг багтсан байсан нь онцлууштай байв. Сэлэнгэ аймгийн Засаг дарга Ш.Оргил сэтгэл зүтгэлээ шингээж сайн үйлсийн аяныг амжилттай өрнүүлэн түймрийн голомтонд ажиллаж байгаа хүмүүстээ тусламжаа илгээж байгаа нийт иргэддээ ТАЛАРХАЛ илэрхийллээ.