ДАРХАН-УУЛ АЙМГИЙНХНЫ ТУСЛАМЖТАЙ ХАМТ ОРХОН АЙМГИЙН 186-р АНГИАС 100, ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ОБГ-ААС 24 ХҮН ТҮЙМРИЙН ЦЭГ ДЭЭР АЖИЛЛАХААР ИРЛЭЭ

Яг энэ цаг мөчид аймгийн Засаг дарга Ш.Оргил Хүдэр сум дахь уулын түймрийн халуун цэг дээр ажиллаж байна. Манай аймагт тулгараад байгаа байгалийн эрсдэлийг даван туулахад хөрш зэргэлдээ аймаг орон нутгийн удирдлагууд, иргэд, байгууллагууд сайн санааны хандив тусламжаа илгээсээр байна. Өнөөдөр Дархан-Уул аймгийн Засаг дарга С.Насанбат болон Дархан нутгийн зон олон эд материал, хоол хүнс, сэтгэл санааны дэмжлэгийг үзүүллээ. Дарханы залуучууд, ээжүүд аймгийнхаа хэмжээнд аян өрнүүлж Мандалын чиглэл дэх тусламжаа вагон тээшээр хүргүүлж, Хүдэр-Ерөө сумдын чиглэл дэх тусламжаа ачааны автомашинаар тээвэрлэн иржээ. Дархан-Уул аймаг дахь Петровис шатахуун түгээх салбараас 10 сая төгрөгний шатахууны талоныг гардуулав. Тусламжийн эд зүйлсийг хүлээн авч түймрийн цэг дээр ажиллаж байгаа хүмүүстээ хүргэх ажлыг аймгийн Засаг даргын орлогч Ж.Сайнцог, Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрын дарга хурандаа Г.Баатар нар зохион байгуулав. Мөн Орхон аймаг дахь зэвсэгт хүчний 186-р анги 100 хүний бүрэлдэхүүнтэйгээр ангийн захирагч хурандаа Д.Жигжидсүрэнгийн удирдлага дор Ерөө, Хүдэр, Бугантын түймрийн цэг дээр ажиллахаар ирлээ. Өмнөговь аймгийн ОБГ-ын 24 албан хаагч бас иржээ. Сэлэнгэ аймгийн түймэр дээр Орхон аймгаас 30, Дархан-Уул аймгаас 30, Өмнөговь аймгаас 24 онцгой байдлын алба хаагчид ажиллаж байгаа юм. Дархан-Уул аймаг дахь зэвсэгт хүчний 330 дугаар анги 80 хүний бүрэлдэхүүтэйгээр ангийн захирагч хурандаа Баатарын удирдлага дор Мандалын түймэр дээр ажиллахаар гарчээ. Ийнхүү эх дэлхийгээ аварч хамгаалах үйлсэд бүхий л хүмүүс нэгдэж үнэнхүү сэтгэлээр дэм дэмэндээ ажиллацгааж байна.
Сэлэнгэ аймгийн Засаг дарга Ш.Оргил болон аймгийн удирдлагын багаас түймэр унтраалцахаар ирсэн нийт бие бүрэлдэхүүн, эд материалын тусламж үзүүлж байгаа сайхан сэтгэлт түмэн олондоо талархал илэрхийллээ.