МАНДАЛ СУМ ДАХЬ ОНЦГОЙ БАЙДЛЫН ХЭЛТЭС ШИНЭ БАЙРТАЙ БОЛЛОО

Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрын харъяа Мандал сум дахь Онцгой байдлын хэлтэс шинэ байртай боллоо. Шинэ байрны нээлтэнд Онцгой байдлын ерөнхий газрын дэд дарга бригадын генерал Г.Ариунбуян, Сэлэнгэ аймгийн Засаг даргын орлогч дарга Б.Нарантуяа, Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрын дарга хурандаа Г.Баатар, аймгийн ИТХ-ын гишүүд, аймгийн Хан хэнтийн тусгай хамгаалалтын газрын дарга Б.Хашмаргад, Мандал сумын ИТХ-ын гишүүд, Засаг дарга Н.Лхагвадорж болон Мандал сумын аж ахуй нэгж байгууллагын удирдлагууд оролцлоо. Нээлтийн үйл ажиллагааны үеэр ой, хээрийн түймрийн голомтонд хамт олноо хошуучлан олон хоног ажилласан зарим алба хаагчдыг Онцгой байдлын ерөнхий газар, аймаг орон нутаг болон бусад байгууллагын шагналаар шагнаж урамшуулав.

Мандал сум нь 9 баг 2 тосгонтой, нийт 7,3 мянган өрхөд 25,6 мянган хүн ам ажиллаж хөдөлмөрлөн амьдардаг. Улаанбаатар хотоос 174 км, аймгийн төвөөс 210 км зайд оршдог. Төв аймгийн Батсүмбэр, Борнуур, Сэлэнгэ аймгийн Ерөө, Баянгол сумдтай хиллэдэг бөгөөд нийт 484,3 мянган га газар нутагтай. Тус сум төвийн бүсийн аймгуудтай олон улсын төмөр зам, авто замаар холбогдсон, дэд бүтэц сайн хөгжсөн, Монгол улсын хэмжээнд хамгийн томд ордог сум юм.

Ахмад Э.Энхбаяраар удирдуулсан Мандал сумын гал түймэр унтраах аврах 19 дүгээр анги нь 1974 онд байгуулагдсан бөгөөд 7323 айл өрх, 25.685 иргэний, амь нас, эд хөрөнгийг авран хамгаалах, үүргээ нэр төртөй биелүүлэн ажиллаж байгаа хамт олон билээ.