ХАМТРАН АЖИЛЛАХ ТӨЛӨВЛӨГӨӨГ БАТАЛЛАА

Монгол Улсын Онцгой байдлын ерөнхий газар, ОХУ-ын Онцгой байдлын яамны Бүгд Найрамдах Буриад Улс дахь Ерөнхий газар хоорондын 2018 онд хамтран ажиллах төлөвлөгөөг батлах уулзалт Сэлэнгэ аймгийн төв Сүхбаатар хотноо боллоо. Уулазалтанд аймгийн Засаг даргын орлогч Ж.Сайнцог оролцож хамтын ажиллагаанд амжилт хүслээ.

Монгол Улс, ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад Улс хоорондын хил залгаа нутаг дэвсгэрт онцгой байдлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, тэдгээрийн үр дагаварыг арилгахад  2018 онд хамтран ажиллах төлөвлөгөөнд ОХУ-ын ОБЯ-ны Бүгд Найрамдах Буриад Улс /БНБУ/ дахь Ерөнхий газрын даргын орлогч дарга,хурандаа Е.Н.Шангин, ОХУ-ын БНБУ-ын Иргэний хамгаалалт, Гал түймэртэй тэмцэх албаны орлогч дарга И.Ю.Шульгин, ОБЕГ-ын Гал түймэртэй тэмцэх газрын дарга, дэд хурандаа Ц.Нямбаяр, хойд бүсийн төвийн дарга, хурандаа Г.Ганбаатар, Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа Г.Баатар, Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газрын орлогч дарга, хошууч О.Ганбат, Булган аймгийн Онцгой байдлын газрын орлогч дарга, дэд хурандаа Д.Ууганбаяр, Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа Г.Батбаяр нар гарын үсэг зурлаа.

Хоёр орны гамшгаас хамгаалах салбарт, мөн бүс нутгийн хэмжээнд ард иргэдийнхээ аюулгүй байдлыг хангах үйл ажиллагаанд томоохон өөрчлөлтүүд орж, өргөжин тэлж байгааг энэ үеэр хоёр тал онцлон тэмдэглэж байв.
Хойд бүсийн төвийн дарга, хурандаа Г.Ганбаатар:-“ОБЕГ-ын харьяа орон нутгийн онцгой байдлын байгууллагууд, ОХУ-тай хиллэдэг энэ бүс нутгийн аймгуудын ОБГ-уудын удирдлагууд ирж, ОХУ-ын Буриад улсын ОБ-ын ерөнхий газрын орлогч даргаар ахлуулсан ажлын хэсгүүдтэй уулзалт хийлээ. Энэ уулзалт маань таван жилийн өмнөөс эхэлж, ОБЕГ, ОХУ-ын Буриад улсын онцгой байдлын яам хоёр хамтын ажиллагааны гэрээ байгуулсан.  Хоёр жил тутамдаа хоёр талдаа ээлжлэн өөр өөрийнхөө нутаг дэвсгэр дээр энэхүү хамтын ажиллагааны гэрээг байгуулж байгаа. Өнгөрсөн жил манай ОБЕГ бүтцийн өөрчлөлт хийгээд орон нутгийн ОБГ-уудаа бүсчилсэн юм. Хойд, өмнөд, зүүн, баруун бүс гээд. Хойд бүсэд Булган, Орхон, Дархан, Сэлэнгэ, Төв, Архангай, Хөвсгөл гэсэн долоон аймаг багтдаг. Эдгээрийн Булган, Сэлэнгэ, Хөвсгөл гэсэн аймгууд нь ОХУ-ын Буриад улстай хиллэдэг. Бүсчлэх болсон шалтгаан нь хүч хэрэгслэлээ төвлөрүүлэх шаардлага гарсан. Орон нутгийн хэмжээнд зөвхөн өөр өөрсдөө шийдвэр гаргаад явах гэхээр хүн, хүч, техник хэрэгсэл хүрдэггүй. Иймээс ОБ-ын байгууллагуудын хувьд хүчээ нэг болгож, гарч байгаа гамшиг осол, томоохон хэмжээний хор уршигт хамтарч ажиллах нь зүйтэй гэсэн үүднээс ийм шийдвэр гарсан. Ер нь ОХУ, БНХАУ гээд дэлхийн томоохон улсууд ингэж бүсчилсэн байдлаар асуудалд ханддаг юм байна л даа. Энэ үйл ажиллагааг манай ОБЕГ авч хэрэгжүүлсэн байгаа. Энэ удаагийн уулзалт арга хэмжээ хамтын ажиллагааны төлөвлөгөөнд хоёр чухал асуудал яригдлаа. Нэгдүгээрт хойд бүсийн төв Орхон аймаг буюу Эрдэнэт хот. Энэ төвтэйгээ буриад улсын ОБ-ын жижүүртэй өдөр тутам холбоонд орж мэдээллээ солилцох. Хоёрдугаарт  Буриад улсын нутаг дэвсгэр дээгүүр өдөрт зургаан удаа хиймэл дагуул хөөргөдөг юм байна. Энэ хиймэл дагуулын мэдээллийг хил залгаа нутаг орнууддаа мэдээлж байх саналыг тавьж байна. Үүнийг бид хүлээж авсан. Бусад асуудлууд  бол уламжлалт ажил байгаа. Үүнийгээ бид бэхжүүлэх, ажиллагаагаа өргөжүүлэх, ялангуяа бүс нутаг, онцгой байдлын байгууллагын албан хаагчдыг сургах, бэлтгэх, дадлагажуулах, туршлага судлах ажлууд хийгдэнэ” гэв.

ОХУ-ын БНБУ-ын Иргэний хамгаалалт, Гал түймэртэй тэмцэх албаны дарга Шульгин Игорь Юрьевич:-“Бид жил бүр хамтын ажиллагааны төлөвлөгөөгөө батлах уулзалт хийдэг. Миний хувьд дөрөв дэх удаагаа энэ үйл ажиллагаанд оролцож байна. Ард иргэдийг гамшиг ослоос урьдчилан сэргийлэх, гарч болзошгүй аюул ослоос урьдчилан сэргийлэх, ард иргэдийг хамгаалах асуудлыг төлөвлөгөөндөө тусгаж баталдаг. Энэхүү төлөвлөгөөг баталснаар бид хил залгаа бүс нутгуудын нутаг дэсгэрийн хамтын ажиллагааг тодотгож, ой хээрийн түймэр болон бусад гамшиг ослоос урьдчилан сэргийлэхэд оршдог. Төлөвлөгөөний хүрээнд бид жил бүр Монгол Улсын ОБ-ын албаны албан хаагчдыг ОХУ-ын онцгой байдлын яамны БНБУ-ын Ерөнхий газрын сургалтын төвд мэргэжил дээшлүүлэх сургалтанд хамруулдаг. Цаашдаа энэхүү уулзалт үр дүнтэй үргэлжлэн явагдаж, хоёр улс орны гамшиг ослоос урьдчилан сэргийлж, хамтран ажиллах үйл маань улам идэвхжинэ гэдэгт итгэлтэй байна. Энэ төлөвлөгөөний хамгийн гол асуудал бол хоёр орны ард иргэдийг гамшиг ослоос урьдчилан сэргийлэх явдал байгаа.Энэ жилийн хувьд шинэлэг зүйл гэхээр бид энэ жилээс эхлээд жижүүрүүдийн дуудлагыг хооронд нь холбоно. Өөрөөр хэлбэл Монгол Улсын хойд бүсийн төв, хил залгаа бүс орон нутгууд болон Буриад улсын 101 дуудлагыг утсаар буюу цахимаар холбож, өдөр бүр хамтран ажиллахаар төлөвлөгөөндөө тусгаж өглөө. Ингэснээр өдөр тутмын мэдээ мэдээллээ солилцохоос гадна ус, үер, ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх боломжтой болж, шуурхай арга хэмжээ авах нөхцөл бүрдэнэ” гэлээ.