ЯАРАЛТАЙ АРГА ХЭМЖЭЭ АВЧ АЖИЛЛАЖ БАЙНА

2018 оны 07 дугаар сарын 17-ны өдөр 2 цаг орчим орсон хүчтэй аадар борооны улмаас Сүхбаатар суманд үерийн эрсдэл үүсч галт тэрэгний зам зарим газартаа угаагдсан, нийтийн эзэмшлийн орон сууцны хонгил үерийн ус элс шороогоор дүүрсэн, айл өрхүүдийн хашаа ташраараа нурж унасан, зарим газарт машин техник элс шороонд дарагдсан, зам талбай, үерийн далан эвдэрч гэмтсэн зэрэг гэнэтийн аюул эрсдэл тохиолдсон. Энэхүү нөхцөл байдлаас үүдэн аймгийн Засаг даргын орлогч Б.Нарантуяагаар ахлуулсан онцгой комиссын хуралдаан өчигдөр оройны 19 цагт болж, хэд хэдэн чиглэлд үүрэг даалгавар өгөгдсөн.

Сэлэнгэ аймгийн Засаг дарга Ш.Оргил аймгийн онцгой комиссын даргын ажлыг давхар хашдаг. Аймгийн дарга ард иргэдээ амар амгалан байлгаж, үүссэн нөхцөл байдлыг хурдан хугацаанд цаг алдалгүй арилгах үүднээс цахилгаан эрчим хүч болон усан хангамжийн асуудлыг хэвийн үйл ажиллагаанд оруулах асуудлыг нэн тэргүүнд шийдвэрлэлээ.

Үүний үр дүнд нийтээр тасарсан байсан цахилгаан эрчим хүч өчигдөр оройны 21.00 цагаас эхлэн өгөгдөж 07-р сарын 18-ны өглөөний 09 цаг гэхэд бүх нийтээр цахилгаанаар хангагдлаа. Мөн “Урсгал ус” ОНӨАТҮГ-ын үйл ажиллагаанд зориулж 2 насосын асуудлыг шийдвэрлэж өглөө. Аймгийн даргаас гэр хорооллын айл өрхүүдийн үерт өртсөн зам, хотын төвийн авто замыг яаралтай засварлахыг холбогдох байгууллагуудад үүрэг болголоо. Цаашид гарч болзошгүй эрсдэлээс сэргийлэх үүднээс ажлын хэсгийг байгуулаад байна. 


Сүхбаатар суманд үүссэн нөхцөл байдалтай уялдуулан 100-200 хүртэлх хүнийг түр ажлын байраар хангаж 1 өдрийн 20.000-28.000₮ хөлстэйгөөр ажиллуулахаар боллоо. Гэнэтийн нөхцөл байдалд байгаа бүх боломжоо ашиглан өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байгаа Онцгой байдлын алба, “АЗЗА”, Урсгал ус, “Дархан Сэлэнгийн цахилгаан түгээх сүлжээ”ХК болон бусад албан байгууллагууддаа талархал илэрхийлье.